Бельгийн нийслэл Брюссель хотод өнгөрсөн даваа гарагт НАТО буюу Хойд Атлантын эвслийн байгууллагын дээд хэмжээний 31 дэх уулзалт эхэллээ. Энэ удаагийн арга хэмжээ тун онцлогтой, анхдагч гэсэн тодотголтой олон үйл явдал болсныг шинжээчид тэмдэглэв. Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвар тархаж эхэлснээс хойш анх удаа болсон эл уулзалтаар эвслийн гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нар Хятад, Оросын эсрэг асуудлыг нэгэн зэрэг хэлэлцжээ. НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын түүхэнд энэ нь анх удаагийн тохиолдол юм. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгчөөр Жо Байден сонгогдсоноос хойших анхны, мөн сүүлийн 20 жилийн хугацаанд хийсэн хамгийн богино уулзалт болсон аж.
НАТО-гийн 30 орны төр, засгийн тэргүүн нар эвслийн шинэ үндсэн баримт бичиг болох Стратегийн үзэл баримтлалыг боловсруулж байгаа талаараа албан ёсоор зарлав. Үүнийг 2022 онд батлахаар төлөвлөж байна. Тус баримт бичигт БНХАУ-ыг эвслийн аюулгүй байдалд заналхийлж болзошгүй гэж дурджээ. Тодруулбал, НАТО-гийн аюулгүй байдалд заналхийлж буй жагсаалтын дөрөвдүгээрт энэ тухай дурдаж, “Хятад улс харилцаа холбоо, сансар огторгуй, кибер орон зайд ноцтой эрсдэл учруулж байна” гэжээ.
ТАСС-ын мэдээлснээр, тус эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “НАТОгийн гишүүн аль ч улс Бээжинтэй дангаараа нүүр тулж чадахгүй. Хятадтай системчилсэн сөргөлдөөн “зарлах” болно” гэж мэдэгдээд, “луутай” хүйтэн дайн эхлүүлэх бодолгүй байгаа ч олон улсын аюулгүй байдлын үүднээс ийм алхам хийхээс аргагүйг тэмдэглэжээ. Харин Хойд Атлантын эвсэл Хятад, Оростой цэргийн салбарт хамтран ажиллахад бэлэн аж. Өмнө нь НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Хойд Атлантын эвсэл Орос, Хятадын улам бүр идэвхжиж буй хамтын ажиллагааг “ноцтой сорилт” гэж тэмдэглэж байв.
Энэ удаагийн уулзалтаар Украин, Гүржийг урьдын адил үнэ цэнтэй түнш хэмээсэн ч НАТО-д элсэх асуудлын талаар хөндсөнгүй.
НАТО-гийн дараагийн дээд хэмжээний уулзалтыг 2022 онд Испанид товложээ.