С.Бямбацогт нарын 22 гишүүн 2019 онд Зөвшөөрлийн тухай хуулийн шинэ - чилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Мөн дараа нь Засгийн газраас Зөвшөөрлийн болон Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийг парламентад уламжилсан билээ. Эдгээрийг нэгтгэн УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын дарга захирамж гарган шинэчилжээ. Ажлын хэсгийн ахлагчаар гишүүн Х.Ганхуяг, бүрэлдэхүүнд нь Х.Булгантуяа, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр нар ажиллах юм байна.
Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл нь гишүүдийн өргөн мэдүүлсэн хувилбарт суурилах аж. Төслийн зорилт нь үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмчийг ашиг - лахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг боловсронгуй болгоход чиглэж буй. Түүнчлэн зөвшөөрлийн ангилал, төрөл, тэдгээрийн нэгдсэн бүртгэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглох үйл ажиллагааг тогтоохтой холбоотой нийтлэг харилцааг зохицуулахад оршиж байгаа гэнэ.
Ажлын хэсэг болон Эдийн засгийн байнгын хороо хамтран Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр танхимын болон цахим хэлбэрээр зохион байгуулах нь. Хэлэлцүүлэгт Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын болон Сангийн яам зэрэг төрийн 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцох юм байна. Энэ удаагийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, төрийн байгууллагын төлөөлөл оролцох бол дараагийнхад хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд, сонирхогч талуудыг урихаар төлөвлөжээ.