УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Б.Энхбаяр өнөөдөр Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрх элчин сайд Кшыштоф Бойког хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэнд сэтгэл таатай байгаагаа онцоллоо.
Үүний хариуд элчин сайд Кшыштоф Бойко Монгол, Польш хоёр улсын уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам бэхжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд, хоёр орны найрамдалт харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар дурдав. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой өнгөрсөн онд тохиосон боловч цар тахлын улмаас төлөвлөсөн арга хэмжээ хойшлоод байсан юм. Гэсэн ч БНПУ-ын Сеймийн (парламентын) дэд маршал Малгажота Гошевскагийн Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнд элчин сайдын яамаа Улаанбаатар хотод дахин нээсэн нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болсон талаар дурдав.
Мөн хоёр улсын хамтын ажиллагааны 70 жилийн ойг тохиолдуулан ирэх арваннэгдүгээр сард эрдэм шинжилгээний олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар бэлтгэж байгааг дуулгав. Энэ арга хэмжээг БНПУ-ын Сеймийн дэд маршал өөрийн ивээл дор зохион байгуулахаа мэдэгдсэн аж.
Түүнчлэн ойн хүрээнд Польшийн алдарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Фредерик Шопений нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын гурав дахь удаагийн уралдааныг Монгол Улсын Консерваторитой хамтран зохион байгуулахаар ажиллаж байгааг мэдэгдэв. Уг уралдааныг БНПУ-ын Гадаад хэргийн сайд өөрийн ивээл дор зохион байгуулахаар болсон бөгөөд манай улсын Гадаад харилцааны яам дэмжин ажиллаж байгааг дуулгалаа.