УИХ дахь Монгол ардын намын бүлгийн гишүүдийн хурал өнөөдөр болж, өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавирусийн нөхцөл байдал, цаг үеийн буюу төсвийн тодотгол, цаашид төсвийн чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Энэ үеэр Засгийн газраас ойрын хугацаанд коронавирусийн эсрэг бодитой шийдвэр гаргах талаар хэлэлцэв. Дараагаар нь, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар гишүүд санал солилцож, хаврын чуулганаар батлахаар боллоо. Ингэхдээ хамт өргөн мэдүүлсэн 11 төслийг хэлэлцэх болно" гэв.
Үргэлжлүүлэн дээрх төслийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Манай улс Хөдөлмөрийн тухай хуулийг 1999 оны тавдугаар сарын 14-нд баталсан. Эл хуулийг өөрчлөх асуудал 2005 оноос яригдаж эхэлсэн бөгөөд 2008 онд ажлын хэсэг гаргасан юм. Дараа нь 2015 онд төслийг хэлэлцэхгүй буцаасан бөгөөд 2018 оноос өдийг хүртэл шинэчлэхээр ажиллаж байна. 1999 оноос хойш иргэдийн хөдөлмөр эрхлэх байдал өөрчлөгдөж, эдийн засаг ч дээрдсэн. Тиймээс Үйлдвэрчний эвлэл болон Худалдаа аж үйлдвэрийн танхим, Засгийн газар хэлэлцэн, 166 зүйл бүхий Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Үүнийг ирэх хаврын чуулганаар батлахаар боллоо" гэв.
Үргэлжлүүлэн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Цахилгаан, дулаан, хүүхдийн мөнгийг Засгийн газраас үргэлжлүүлэн олгох, эсэх талаар өнөөдрийн хуралдаанаар ярилцсан уу" гэх сэтгүүлчийн асуултад "Тэтгэмж, урамшуулал олгох зэрэг төсвийн тодотголыг Засгийн газрын хуралдаанаар ярилцана. Одоогоор баттай шийдвэр гаргаагүй байна. Үүнээс гадна коронавирусийн нөхцөл байдлын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дээрх хуралдаанаар хэлэлцэж, бодитой шийдвэр гаргана. Мөн цар тахлын хүнд нөхцөлд байгаа энэ үед баяр наадмыг тэмдэглэх, эсэх талаар энэ сарын сүүлчээр шийдвэр гаргах бодолтой байгаа" хэмээн хариулав.