Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг хэлэлцэн, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн долоо дугаар зүйлийн 7.4.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг үндэслэн шийдвэр гаргажээ. Эл шийдвэрт:
"Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд оролцож саналаа өгсөн нийт 1.216.246 сонгогчдын дийлэнхийн буюу 823.326 (67.69 хувийн) санал авсан нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэрийг гаргалаа.
Уг шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнгийн хамт танилцуулж байна" хэмээн дурджээ.