Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Барилга Хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, тус аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн суманд ажиллаж буй.
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Хөшигийн хөндийд барьсан “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын нүүлгэн шилжүүлэлтийг зохион байгуулж буй шуурхай удирдлагын багийнхны ажлын явцын мэдээлэл, гүйцэтгэлтэй танилцлаа. Энэ үеэр дээрх нисэх буудлын үйл ажиллагааг ирэх долдугаар сарын 4-ний өдрөөс хоцроохгүй, гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу тогтсон хугацаандаа нээж, хэвийн горимд шилжүүлэхийг Ерөнхий сайд ажлын албаныханд анхаарууллаа.
Нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд дөрвөн бүлэг, 141 ажил төлөвлөсөн бөгөөд 85.2 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ. "Буянт-Ухаа" нисэх буудлаас техник, хэрэгсэл, тоног төхөөрөмж болон бусад зүйлсийг нүүлгэх ажлыг энэ сарын 15-наас ирэх сарын 1-ний дотор хийж дуусган, Улаанбаатар-Нарита чиглэлийн анхны нислэгээ долдугаар сарын 4-нд үйлдэхээр төлөвлөжээ. Ингэснээр "Чингис хаан" олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа албан ёсоор эхлэх юм.
Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулан тус нисэх буудал орчим, Хөшигийн хөндийд байгуулах эдийн засгийн хөгжлийн тулгуур төвийн төлөвлөлтийг хийх гэнэ. Үүнд хот тойрсон хурдны замтай, баруун, зүүн бүсийн аймгаас ирэх гол замуудыг Хөшигийн хөндий рүү холбох, төмөр замаар ирэх ачаа, тээврийг ачиж, буулгах зангилаа, тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээг бий болгох, дэд бүтэц, цахилгаан, дулааны эх үүсвэр барих, ажилтан албан хаагчдын амьдрах орон сууцын цогцолбор хороолол байгуулах, орон нутгийн оршин суугчдын ая тухыг бодолцох гээд холбогдох асуудлуудыг цогцоор нь төлөвлөн багтаах гэнэ.