Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр болж өнгөрлөө. Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгийн талаар өнөөдөр / 2021.06.10/ Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ.
Энэ удаагийн сонгуулийн ирц 59,35 хувьтай байна.
- МАН-аас нэр дэвсэн У.Хүрэлсүх 823,326 иргэний санал буюу сонгогчдоос 67.76 хувь
- АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ 72,832 санал 5.99 хувь
- Зөв ХҮН Электорат эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат 246,968 санал буюу сонгогчдоос 20.03 хувь
- 71,937 иргэн цагаан сонголт хийжээ.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хэлэхдээ "Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар санал тоолох төхөөрөмж болон гар тооллого хийхээр тусгасан. Өнөөдөр улсын хэмжээнд гар тооллого хяналтын тооллого 100 хувь хийлээ. Улсын хэмжээнд 2087 хэсгийн хороо болон гадаад дахь иргэдийн саналыг зөөвөрлөж 2087 хэсгийн хороонд 1 сая 75 мянга 938 иргэн саналаа өгсөн байна. Энэхүү дүнг өнгөрсөн шөнө гаргаж, баталгаажуулж дууссан" гэв.