“Их санасан газарт есөн шөнө хоосон” гэдэг үг бий. Монгол Улс 23 жилийн дараа Соёлын яамтай боллоо гэж Засгийн газрын ч, соёл, урлагийн салбарынхны түвшинд ч ихэд хөөрцөглөсөн билээ. Яам яаж ажиллахыг хэн хүнгүй, удаан хугацаанд тэвчээртэй харзнав. Засгийн газрын дэргэд Эрсдэлийн мэдээллийн хороо гээч, нэрийг нь зөв орчуулсан, эсэх нь ихээхэн эргэлзээтэй нэгж байгуулсан. Үүнийг шинэ тутам яамыг тэргүүлэх учраа мэдэхгүй яваа сайдаар ахлууллаа, төр, засгийн мэдээллийг шүүж хүргэлээ гэх зэргээр шүүмжлэхээс өөрөөр “гоочлоогүй”. Тэр үед сайд Ч.Номин “Эрсдэлийн үед төрөөс иргэддээ хүргэж байгаа мэдээ, мэдээлэл бодитой, ойлгомжтой, хүртээмжтэй байх ёстой. Ийм хороо олон улсад бий. ДЭМБ-аас арга зүйн зөвлөмж гаргасан байдаг” хэмээн тайлбарласан юм.
Түүний хэлснээс үзэхэд, зөвлөмж гаргасан байгууллагын нэрийг харсан ч, улс орнууд аливаа эрсдэлийн нөхцөл байдлын үед мэдээллийг сайтар боловсруулж, өөрөөр хэлбэл, ойлгомжтойгоор бэлтгэсэн, эсэхийг хянаж түгээх нь иргэдийн тайван оршихуй, улс орны аюулгүй байдлыг хангахад тустай гэж үздэг мэт. Тийм болбоос ийм ажлыг ЭМЯ болон Засгийн газрын хэвлэл, мэдээлэл хариуцсан баг хийхэд хангалттай баймаар. Тэгсэн атал илүү орон тоо, зардал зориулж, бүтэц нэмэх нь хэнд ашигтай гэж тооцоолон засгийн хөрөнгөөр тоглосон нь ойлгомжгүй. Ч.Номинг сайдаар очсоны дараахан тус яаманд ажиллаж байсан нэгэн “Өглөө ажилдаа иртэл компьютерыг минь Эрсдэлийн багийнхан гэнэ үү, тийм хүмүүст өгчихөж. Намайг яах гэж байгаа юм бол. Асууж сураглахаас” хэмээж байв.
Монгол Улс 23 жилийн дараа Соёлын яамтай болсонд соёл урлагийн салбарт олон жил ажилласан хүмүүсийн хувьд орох оронтой, оочих аягатай болж буй мэт санагдсан байх. Асуудлаа шийдүүлж, ая тал нь олдвол авдаг хэдийгээ нэмүүлчих, адаглаад л мэргэжлийн баяр болоход сайдын мэндчилгээ сонсож, уншиж, сэтгэл ханаж суух нь өег санагдах тул аргагүй ээ. Улс орны хөгжилд Соёлын яам ямархуу хувь нэмэртэй, ач холбогдолтой байсныг түүх гэрчилнэ. Салбарын ажил системтэй ч байв. Үзэл суртлын нөлөөгөөр түүх, уламжлал, соёлын өвдөө хайнга хандаж ирсэн сул тал байсан ч сая хүрэхтэй, үгүйтэй иргэдээ дэлхийн соёлд бодлоготойгоор дөхүүлсээр ирсний үр нөлөө нь өнөөгийн нийгмийг бүрдүүлэгч хувь хүмүүсийн төлөвшил, хөгжлөөр илэрдэг.
1997 онд улсын төсвийг хэмнэх гэсэн үү, ардчилсан нийгэмд соёлын асуудал хамаагүй гэж үзсэн үү, юутай ч Соёлын яамыг татан буулгасан юм. 19 жилийн дараа буюу 2016 онд соёлоор тэргүүлүүлэн “холимог” яам байгуулсан ч учрыг нь ололгүй байсаар болиулсан. Харин жилийн өмнө дахин байгуулав.
Шинэ яам, Ч.Номин сайдаас олон төрлийн ажил хийж, хэрэгжүүлэх гэхээс илүүтэй соёлын дорвитой бодлого хүлээсэн ч өнөө хэр “Чухам энэ шүү дээ. Энэ бодлогоо баримтлаад, зорилго, зорилтоо тодорхойлоод яваасай” гэхээр баримт бичиг гаргаж тавьсангүй. Хүүхэд, залуус гэлтгүй насанд хүрэгчид ч эх хэлээрээ зөв ярихаа больсон. Телевизийн сувгууд ярьж чаддаггүй залуусаар мэдээгээ хөтлүүлж, нэвтрүүлгээ уншуулан, орчуулга хийлгэсээр буй. Бага насны хүүхдүүд гадаадын хүүхэлдэйн киноны баатруудаар дамжуулж хорвоотой танилцаж байна. 2025 оноос бүх нийтээр хос бичигтэн болох зорилттой ч бэлтгэл ажил хангалтгүй. Хүүхэд, залуус бие биеэ болон ахас ихсээ хүндлэн харилцахыг мэдэхээ байсан. Ахмадын сургаал алт байхаа хэдийн больсон. Сурах бичгүүд алдаатай хэвээр, агуулга ч тааруу. Улс орнуудын соёлын бодлогын толь нь дунд сургуулийн сурах бичгийн агуулгад байдаг. Энэ нь зөвхөн боловсрол хариуцсан яамны ажил биш юм. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа. Хүүхдэд багаас нь юу зааж, ойлгуулна, тэр хэрээр төлөвшиж, хүмүүждэг тул сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтад хүүхдийг монгол хүн болж төлөвшүүлэхэд чиглэсэн агуулгыг хангалттай орцоор багтааж өгөхөд санаа тавих нь Соёлын яамны бодлогын суурь ч байж болох. Гэтэл бид өнөөдөр шинэ тутам байгуулсан Соёлын яамны зүгээс ямар ямар мэдээ хүлээж авч байна вэ.
“Монгол соёлоор дэлхийд гарна”, “Бидний ухаж төнхөх уурхай нь өв соёл, уламжлал тул үүнд суурилсан бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүтээгдэхүүнийг дэлхийд борлуулна” гэх яриаг нь олонтоо сонсож байна. Мөн дэлхийн киноны зах зээлд өрсөлдөх буюу “Холливудын кино” бүтээнэ, улсын наадмыг арваад тэрбум төгрөгөөр хийнэ гэх зэрэг мэдээ, мэдээлэл гарч байна. Ирэх наадмыг лав “үзэл суртлын” өндөр түвшинд зохион байгуулах байх. Хөрөнгө ч сайн төсөвлөж.
Соёл урлагийг дэмжих сангаас санхүүжүүлэхээр эцсийн өмнөх шатанд тунгаагаад буй 60 төслийг шалгаруулахын тулд бичиж бэлтгэсэн хүмүүсийг нь оролцуулж телевизийн нэвтрүүлэг хийх гэнэ. Ч.Номин сайдын санаа, сэтгэл, хүсэлд бол телевиз, контент, шоу хэмээх ойлголт жинтэй байр суурь эзлэх ажгуу. Түүнийг улс орны хөгжлийн тулгуур асуудал болох соёлын бодлогыг зөв тодорхойлж, салбарыг удирдан ажилла гэж томилсон байлтай. Гэтэл сайд хувийн телевизээрээ нэвтрүүлэг хийн, гаршсан ажлаа илүү өргөн хүрээнд, бүр яам, улсын төсвийн түвшинд хийж, юу чаддагаа, хаана хүрэхээ үзэхээр шийдэж, тэмүүлж буйг тодоор харах болов.
Монгол соёлоор дэлхийд гарч бололгүй яах вэ. Тэгэх ч ёстой. Гэхдээ дотоодын асуудлыг хараагүй, мэдээгүй юм шиг алгассаар байх уу. Соёл нь бүх нийтийн, улсын, үндэстний асуудал ч гэлээ наагуур бодоход яам, сайд нь соёлын салбарынхныг урмаар тэтгэх мэдрэмжгүй байж болох уу.
Хувь уран бүтээлчдээс дэлхийн урлагийн оройд шахуу яваа нь цөөнгүй. Гагцхүү тэднийг төр, засаг, яам нь үнэлэх гэж үгүй. Ядаж баяр хүргэдэггүй нь гайхалтай. Гавьяат жүжигчин Э.Амартүвшин дэлхийн дуурийн урлагийн супер оддын эгнээнд багтлаа. Түүнийг энэ ертөнцийн хамгийн алдартай, тухайлбал, Британийн “Royal Albert hall”, Венийн дуурийн, Италийн хамтран ажиллаж ирсэн олон театр нь 2021-2022 оны шинэ улирлын тоглолтдоо дуулуулахаар урьсан. Алдарт Анна Нетребко, домогт Пласидо Доминго гээд манай Э.Амартүвшинг нэрлэх болов. Шагнаж, урамшуулдаггүй юм гэхэд түргэхэн холбогдож, баяр хүргэн, амжилт хүссэн дүрс бичлэгээ ил тавьчихвал нэгнийхээ амжилтаар бахархаж чаддаг урлаг соёлынхон, улмаар олон түмэн сэтгэл ханаж, өөрсдөө тэр оргилд яваа мэтээр баярлана. Энэ бол бага гэлтгүй санаачилга, соёлын бодлогын хэлтэрхий билээ.
Бас нэгэн жишээ бий. П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдаанд IV байр эзэлсэн дуурийн гоцлол дуучин Э.Анхбаярт амжилтыг нь үнэлж, Гавьяат жүжигчин цол олгосон хэрнээ түүнтэй хамсран хөгжимдөж, тус уралдааны “Шилдэг концертмейстер” шагнал хүртсэн төгөлдөр хуурч, Консерваторын багш Б.Бат-Эрдэнэд уг цолыг олгоогүй. Концертмейстерээр ажиллах гэдэг нь дуучныг уралдаанд бэлтгээд, хамтарч тоглох гэсэн үг. Дуучин, төгөлдөр хуурч хоёр яг л тамирчин, дасгалжуулагч хоёр шиг хамтран ажиллаж амжилт гаргадаг. Гэтэл дуулсныг нь шагнаад, хөгжимдсөнийг нь үлдээчихсэн. Уран гулгалтаар зүйрлэхэд ДАШТ-д түрүүлсэн хосын нэгэнд нь алтан медаль зүүж өгсөн хэрнээ нөгөөд нь олгоогүйтэй адил. Энэ хэдийгээр гурван жилийн өмнөх явдал ч гэлээ манай улсын соёлын бодлого аль хэр алдаатай байдгийн тод жишээ юм.
Соёлын бодлого гэж юу вэ, үүнийг нийгмийн бүхий л харилцаанд ямар ямар суваг, жимээр холбож, “бодлогын машин”-ыг зөв горимоор “ажиллуулах” вэ гэдгийг Соёлын яам, сайд хариуцах ёстой. Гэтэл бүхий л ажилдаа өнгөн, хэлбэр төдий хандах мэт ажиллаж буйг харсаар байж дуугүй сууж боломгүй нь. Соёлын салбарын зүтгэлтэн Н.Жанцанноров “Манай улсад үнэн хэрэгтээ Соёлын тухай хууль гэж алга. Хууль байхгүй юм чинь ямар бодлого хэрэгжүүлэх юм бэ” гэж хэлсэн. “Одоогийн Соёлын тухай хууль гэдгийг ачир дээр нь аваад үзвэл соёл, урлагийн байгууллагуудын харилцааны тухай хууль гэхээр” гэж олны өмнө тэрбээр хэлсэн. Үүнтэй зуун хувь санал нийлж буй юм. Соёл гэдэг нь У.Шекспирийн хэлсэнтэй дүйцүүлэн авч үзвээс улс, үндэстэн орших, эс оршихын тухай асуудал биш гэж үү. Угтаа монгол хүн монголоороо, Монгол Улс Монголоороо оршиж, хөгжихийн нэр биш үү. “Хэл, хил, мал гуравтайгаа байхад Монгол баян” гэж соёлын нэрт зүтгэлтэн, монгол хүнээ, Монгол Улсаа гэсэн сэтгэлтэн З.Дорж агсан соёлын бодлогын цөмийг бараг л томьёолоод өгчихсөн бус уу.
Монгол соёл урлагийн бусад үндэстнээс ялгарах онцлог, давуу талд тулгуурлан элдэв контент бүтээж, кино хийж, соёлын агуулга бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаадад гайхуулж, худалдан борлуулж мөнгө олж болно. Гэхдээ яам үүнийг бодлогынхоо нэн тэргүүний асуудал хэмээн тодорхойлох нь оновчтой юу. Монгол үндэстэн өөрийн түүх, соёл, уламжлалд суурилан тусгаар, оюун санааны хувьд бат бөх, нэгдмэл байж, бүтээх, байгуулах, туурвих урам зориг, хүч чадалтайгаар орших, эсэх нь үүнийг хангахуйц бодлого боловсруулах, эсэхээс хамаармаар. Хамтын хүчээр тийм бодлого боловсруулаад, хуульчлан батлуулах нь орчин цагийн Соёлын яамны, салбарын сайдын гол ажил, үүрэг байлтай. Соёлын бодлогыг тодорхойлохын тулд суурь болон бусад судалгаа чамгүй хийх шаардлага гарна. Хөрөнгө ч хэрэгтэй. Байшингаар бол суурийг нь зөв тавихын тулд ур ухаан зарж, материал дутаахгүйтэй адил үндэстний зөв оршихуйн тусын тулд хөрөнгө хайрлахгүй зарна уу гэхээс элдэв шоунд төсөвлөхийг хоривол зохилтой.