Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үйл явцыг хөндлөнгийн хараат бус ажиглагчид ажиглаж, дэлхий нийтэд нээлттэй мэдээлдэг уламжлалтай. Энэ удаагийн сонгуулийг ажиглах гадаадын болон олон улсын байгууллагын 43 ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын 40 сурвалжлагч, сэтгүүлч Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлжээ.
Тухайлбал, Азийн сонгуулийн байгууллагуудын холбоо (Филиппин улсын сонгуулийн төв комисс), Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албаны Сонгууль ажиглах тусгай хороо, "Бодлогод залуусын хяналт" төрийн бус байгууллага, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Словак, Их Британи улсын иргэдийн төлөөлөл, АНУ, Австрали, Япон улсын Элчин сайдын яамныхан ажиглахаар болжээ.