Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж 20 орчим асуудлыг хэлэлцэж буй. Энэ үеэр Сангийн сайд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжүүлэлт, явцын талаар танилцууллаа. Өдгөө ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй, хоёр их наядын зээлд 13.193 хүн хамрагдсан гэнэ. Эл зээлийн хүрээнд 62.132 ажлын байрыг хадгалан үлдэх боломжтой хэмээн албаныхан үзэж буй бөгөөд өнгөрсөн долоо хоногт 8.768 хүн зээлд хамрагдсан хүсэлтээ ирүүлсэн аж. Өнгөрсөн хугацаанд 1.1 их наяд төгрөгийн зээлийг хувь хүн, аж ахуйн нэгж, албан байгууллагуудад олгосон бөгөөд шаардлагатай тохиолдолд санхүүжилтийг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой хэмээн Ерөнхий сайд мэдээлэв. Ингэснээр ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийн эх үүсвэр гурван их наяд төгрөгт хүрэх юм.