Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, 20 орчим асуудлыг хэлэлцлээ. Үдээс өмнө нэн шаардлага дөрвөн асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргасныг Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулав. Тэрбээр, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлэлтийн үзлэгт хамруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг үзүүлэх, нийслэл хотод тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд нэмэлт санхүүжилт олгох асуудлыг хэлэлцсэн хэмээн мэдээлэв. Тодруулбал, нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд түгжрэлийг бууруулж, аялал жуулчлалын гол бүсийг засварлахаар болсон гэнэ. Тухайлбал, ачаалал ихтэй, түгжрэл ихээр үүсгэдэг уулзваруудын ойролцоо нүхэн гарц барихаар төлөвлөж, шаардлагатай хөрөнгийг 2022 оны төсөвт суулгахыг Ерөнхий сайд холбогдох албаныханд даалгажээ. Мөн "Гандантэгчэлин" хийд орчмын нийслэлийн аялал жуулчлалын бүсийг сэргээн засварлаж, жуулчид хүлээн авахад бэлтгэх гэнэ. Эл ажилд шаардлагатай хөрөнгийг мөн л Засгийн газрын ирэх оны төсөвт суулгахаар болжээ.