Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийг энэ сарын 9-нд зохион байгуулах билээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль өмнөх жилүүдийнхээс онцлог болж буй. Учир нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас сонгогчдын зарим нь битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөхөөр болсон юм. Энэ нь зарим хүнд хяналтгүй сонгууль болох нь гэх хардлага төрүүлэх болсон. Тэгвэл битүүмжлэлтэй хайрцгаар сонгогчдоос санал авах үйл явцад хэрхэн хяналт тавих талаар Сонгуулийн ерөнхий хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Гэрийн тусгаарлалтад болон эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж буй иргэдээс хэрхэн санал авах вэ?
-Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дотооддоо халдвар тархсан үед болж буйгаараа онцлог. Сонгуулийн ерөнхий хорооноос цар тахлын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа болон тусгаарлагдсан, үүнтэй холбоотойгоор тусгай чиг үүргийн ажил эрхэлж буй эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчдын сонгох эрхийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхээр онцгойлон анхаарч ажиллаж байна. Гэрийн тусгаарлалтад байгаа сонгогчид энэ сарын 5-наас өмнө харьяа хэсгийн хороонд зөөврийн, битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх тухай хүсэлт гаргах шаардлагатай. Мэдээж холбогдох журмын дагуу тусгаарлалтад байгаа тул хүсэлтээ өөрөө шууд хэсгийн хороондоо гаргах боломжгүй. Тиймээс тухайн шатны буюу баг, хорооны Засаг дарга нарын дэмжлэг, туслалцаа зохион байгуулалт чухал үүрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон хэд хэдэн зохицуулалтууд бий. Эдгээрийн нэгэнд “Сонгогч зөөврийн, битүүмжилсэн хайрцгаар санал өгөх тухай хүсэлтээ хэсгийн хороондоо гаргахад нь дэмжлэг үзүүлж ажиллана” гэж заасан байгаа. Иймд гэрээр тусгаарлагдсан иргэдийн сонгох эрхийг хэрэгжүүлэхэд нь буюу хүсэлт гаргах үйл ажиллагааг өрхийн эмнэлэг болон баг, хороодын Засаг дарга нартай хамтран зохион байгуулах чиглэлийг бүх шатны сонгуулийн хорооддоо өгсөн. Сонгогчдын саналыг авах ажлыг зохион байгуулахаар аймаг, дүүргийн сонгуулийн хороодод холбогдох чиг үүргийн байгууллагуудын төлөөлөл ажиллаж буй.
-Гэрийн тусгаарлалтад болон хэвтэн эмчлүүлж байгаа, албан үүргээ гүйцэтгэж буй ажилчдаас битүүмжилсэн хайрцгаар санал авахад хэн хяналт тавих вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Сонгуулийг зохион байгуулах ажил хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд нэр дэвшигчээ бүртгүүлсэн нам, эвслийн ажиглагч, дотоодын төрийн бус болон гадаадын олон улсын байгууллагууд ажиглагчдаа томилон хяналт тавина” гэж заасан. Харин халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулж байгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд шалган, хамтран ажиллах болно.
-Цэргийн алба хааж байгаа хүмүүсээс хэрхэн санал авах вэ. Мөн саналыг будлиантуулахгүй, шударга авч байгаа, эсэхэд хэн хяналт тавих юм бол?
-Хилийн цэрэг, зэвсэгт хүчин болон дотоодын цэргийн анги, нэгтгэлд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын нэрс тухайн анги, нэгтгэлийг нутаг дэвсгэр харьяалагдаж байгаа хэсгийн хороонд бүртгэлтэй. Өөрөөр хэлбэл, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэсэн байгаа учир тухайн хэсгийн хороодод саналаа очиж өгнө гэсэн үг. Мөн цэргийн албан хаагчид зөөврийн, битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх боломжтой. Хэсгийн хороодоос хол байрладаг хилийн цэргийн зарим ангийн хувьд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх юм.
-Хяналт тавьж буй ажилчдыг хэрхэн сонгох вэ?
-Ажиглагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан “Сонгууль ажиглах нийтлэг журам”-д заасны дагуу тухайн нам, эвсэл өөрсдөө томилдог. Улсын хэмжээнд нийт 2.087 хэсгийн хороо ажиллаж санал авах, тоолох, дүн гаргах ажиллагааг сонгуулийн автоматжуулсан системээр зохион байгуулна. Энэ бүх үйл ажиллагаанд сонгуульд оролцож буй нам, эвслийн ажиглагч нар ажиглалт, хяналт тавина.
-Саналын хайрцгийн битүүмжлэл, зөөвөрлөлт найдвартай юу?
-Хуульд заасны дагуу зөөврийн, битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаанд ажиглагч нар хяналт тавихаас гадна Цагдаагийн байгууллага хамгаалалтыг хариуцах үүрэгтэй. Ер нь сонгууль зохион байгуулах бүхий л үйл ажиллагаа ажиглагчдын хяналт дор явна.