УИХ-ын гишүүн Н.Ганибал хог хаягдлын тухай асуудлыг хөндөж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга хүргүүлжээ. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Монгол Улсад тулгамдаж буй асуудлын нэг бол хог хаягдал. 2009 оны байдлаар улсын хэмжээнд 840 мянган тонн хог хаягдал гаргаж байсан бол 2019 онд 3.3 сая тонн хог хаягдал үүсэж, 10 жилийн дотор дөрөв дахин нэмэгдсэн байна. Энэ нь жил ирэх тусам хүний хэрэглээ өсөн нэмэгдэж байгаатай шууд холбоотой. Хог хаягдал нь Монгол Улс төдийгүй Дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд хүн төрөлхтөн гаргаж буй хатуу хог хаягдлаа дахин боловсруулахад онцгой анхаарал хандуулж байна. Тухайлбал, Швед улс нийт хог хаягдлынхаа 90 хувийг дахин боловсруулж байгаа сайн жишээ байна. Харин манай улс одоогийн байдлаар 20 гаруй хувийг л дахин боловсруулж байна. Иймд нийтээрээ хогоо ангилж хэвших, дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь хүрээлэн буй орчны аюулгүй байдал төдийгүй өнөө үеийн болон ирээдүйн хүн амын эрүүл мэндийг хамгаалахад нэн тустай билээ. Эл асуудлыг олон жил ярьж, эрхзүйн орчныг нь сайжруулсан ч хэрэгжилт нь хангалтгүй байна. Иймд миний бие Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан, дараах асуулгыг тавилаа" гэжээ.