Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль цар тахлын үед болж буйгаараа онцлогтой. Тиймээс коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх түр журамд заасны дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон тусгаарлагдсан, албан үүргээ гүйцэтгэж буй сонгогчдоос зөөврийн, битүүмжилсэн хайрцгаар санал авахаар болжээ.
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг ирэх сарын 08-ны 09.00-20.00 цагт орон даяар зохион байгуулах гэнэ. Иймд дээр дурдсан шалтгаантай иргэд санал авах өдрөөс долоо хоногийн өмнө буюу маргаашийн дотор тусгаарлах байр, эмнэлгийн захиргаанд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ гаргах ёстой аж. Харин гэрийн ажиглалтын түр журмын дагуу тусгаарлагдсан сонгогч нь ирэх сарын 05-ны дотор өөрийн харьяа хэсгийн хороонд хүсэлтээ гаргах боломжтой юм байна.