Монгол Улсын хурдацтай өсөж буй бизнесийн орчинд Үндэсний танхим зохицон ажиллах, аж ахуй эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төрийн байгууллагад илэрхийлж, эдийн засаг, аж ахуйн зохистой орчин бүрдүүлэх үүднээс хууль тогтоомжийг боловсронгуй болгож чадахгүй байгаа. Мөн танхимын бүтэц, тогтолцоо, гишүүнчлэл, санхүүжилт, зорилт, чиг үүрэг зэрэг нь орчин цагийн эдийн засаг, бизнесийн хөгжилтэй нийцэхгүй байгаа хэмээн салбарынхан үзэж байгаа аж. Тиймээс УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Б.Жаргалмаа, П.Анужин, Д.Өнөрболор нар Худалдаа аж үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.