УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 12.40 цагт ирц бүрдсэнээр эхлэв. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын долоон гишүүн энэ сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн, мөн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөснийг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцуулав.
Улмаар Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэх зохицуулалтын дагуу хэлэлцэн, санал хураалт явууллаа. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, С.Чинзориг нар Төслийн нэгдүгээр зүйлийн “2021 оноос эхлэн тус бүр 9.5 хувьтай” гэснийг “2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл тус бүр 9.5 хувь,” гэж, мөн зүйлийн “2021 оноос эхлэн 12.5 хувиас” гэснийг “2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл 12.5 хувиас” гэж тус тус нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргаж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ. Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.