Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит 2021 оны сонгууль ирэх сарын 9-нд болно. Эл сунгаанд МАН-аас У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, Хөдөлмөрийн үндэсний намаас Д.Энхбат нар өрсөлдөж буй. Эдгээр эрхмүүдийн нэг нь манай улсын төрийн тэргүүн болж, олон улсад биднийг төлөөлөх юм. 21-р зуунд техник технологи, гадаад хамтын ажиллагаа, олон улсын харилцаа зэрэг асуудлыг дэлхий нийт чухалчлан үзэх болсон бөгөөд биднийг төлөөлөх нэгэн ч мэдлэг, боловсролоороо энэ бүхэнтэй эн зэрэгцэх ёстой. Тэгвэл дээрх нэр дэвшигчийн боловсролтой танилцъя.
У.Хүрэлсүх:
-Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан тэрбээр 1985 онд нийслэлийн Ерөнхий боловсролын II сургуульд элсэн оржээ.
-Үүний дараа 1989 онд Батлан хамгаалахын их сургуулийн Улс төрийн курст суралцжээ.
-1994 онд Төрийн захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр төгссөн.
-2000 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байна.
Д.Энхбат
-1959 онд Улаанбаатар хотод төрсөн тэрбээр 1975 онд нийслэлийн Ерөнхий боловсролын 24 дүгээр дунд сургуулийг төгссөн.
-1975-1980 онд ЗХУ-ын Уралын Политехникийн их сургуулийг системийн инженер мэргэжлээр төгсөж, Москвагийн Ган, хайлшийн их сургуульд "Металлургийн кибернетик" сэдвээр докторын зэргээ хамгаалсан.
-1980 оноос хойш Статистикийн төв газрын тооцоолох төв болон Шинжлэх ухааны техникийн улсын хороо, Монгол дахь Соросын сан, Монголын мэдээллийн хөгжлийн холбоо зэрэгт ажиллаж байжээ.
С.Эрдэнэ
-1981 онд нийслэлийн Ерөнхий блдлвсролын 75 дугаар сургуулийг дүүргэжээ.
-1981-1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг цэргийн команд, ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн.
-Үүний дараа 1995-1998 онд Отгонтэнгэр их сургуулийг хууль, эрх зүйн мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан.
-1998-2000 онд дээрх сургуулийн хууль зүйн ухааны магистрын зэргийг хүртсэн. Мөн онд Удирдлагын академийг "Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт" сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.
-2005 онд Герман улсын Нийгмийн даатгалын дээд курсийг төгссөн.
-2006 онд АНУ-ын Нийгмийн хамгааллын дээд курсийг төгссөн.
-2013 онд Удирдлагын академийн Удирдахуйн ухааны доктор зэргийг хамгаалжээ.