Энэ сарын 10-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн ажлын тайланг танилцуулах үеэрээ УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг Орос улсын элчин сайдтай тохиролцож, вакцины татан авалтад саад учруулсан хэмээн мэдээлсэн. Тэгвэл Ерөнхий сайдын энэ үйлдлийг баримт, нотолгоогоор хүний нэр төлд халдсан хэмээн үзэж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэх гаргасан талаараа УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Улсын Ерөнхий сайд сөрөг хүчнийхээ нөр төрд халдаж, баримт, нотолгоогүйгээр хүнийг гүжирдсэн нь ёс зүйд төдийгүй, хууль бус үйлдэл боллоо. Миний бие өнгөрсөн хугацаанд Орос улсын элчин сайдтай уулзаж, утсаар ярьсан удаагүй. Мөн Л.Оюун-Эрдэнэ дээрх мэдэгдлийг өгөхдөө "Сэтгүүлчтэй утсаар ярьж байх үеэрээ, Орос улсын элчин сайдтай утсаар ярих үедээ" хэмээн хэлж байв. Энэ нь хүний эрхэд ноцтой халдсан хэрэг боллоо. Миний төдийгүй гэр бүлийн маань хүний утсыг хууль бусаар чагнасан нь үүнээс харагдах биз. Тиймээс баримт, нотолгоогүйгээр хүний нэр төрд халдсан хэмээх Ерөнхий сайдаас 100 сая төгрөг нэхэмжилж байна. Эл мөнгийг цар тахлын үед санхүүгийн хүнд нөхцөлд орсон өрх толгойлсон эмэгтэйчүүдэд олгоно" гэв.