Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд үнэмлэхүй олонх бүхий эрх баригчдын хийх гээд байгаа шүүхийн шинэчлэл төрхөмдөө буцах нь үндсэндээ тодорхой болов. Шинэчлэлийг буцааж, байранд нь тавих ажлыг дээрээ хөх тэнгэрээс өөр зүйлгүй гэгддэг Үндсэн хуулийн цэц хийж байна.
Шүүгчийг шилж, сонгон, энэ засаглал хараат бусаар, бие даан орших нөхцөлийг хангах үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөл таван гишүүнтэй байсан бөгөөд тэднийг Ерөнхийлөгч томилж ирсэн.
Харин одоо 10 хүний бүрэлдэхүүнтэй болгож, тавыг нь нээлттэй сонгон шалгаруулалтаар УИХ-аас томилох гэж байв. Тэдгээр таван гишүүнийг “шүүгч бус” хэмээн тодорхойлж, сонгон шалгаруулах ажлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг хариуцаж буй. Ер нь бол Шүүхийн ерөнхий зөвлөлд таван хүн томилж байсан Ерөнхийлөгчийн эрхийг УИХ өөртөө авчихаад байгаа хэрэг. Харин Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн тоо өөрчлөгдөөгүй, есөн хүний бүрэлдэхүүнтэй хэвээрээ байгаа ч шүүгч бус тавыг нь дээрхийн адил нээлттэй сонгон шалгаруулалтаар УИХ томилно. Уг хороог Ёс зүйн хороо байхад даргыг нь томилохоос авхуулаад ажиллах дүрмийг нь хүртэл баталдаг байсан Ерөнхийлөгчийн эрх, оролцоог хууль тогтоогчид хязгаарласан гэж болно.
Харин энэ нь төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулах нөхцөл бүрдүүлж, улмаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж Цэц дүгнэн, Шүүхийн тухай хуулийн холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн. Үндсэн хуулийн цэцийн эл дүгнэлтийг УИХ 10 гаруй хоногийн өмнө хэлэлцэж, хүлээн авахаас татгалзсан тул их суудлын хуралдаан хүлээгдэж байна. Дээрх дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан УИХ-ын албан ёсны шийдвэр “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтлэгдсэний дараа Цэц их суудлын хуралдаандаа бэлтгэж, товыг нь түгээх учиртай. Юутай ч Цэц тэгтлээ хүлээлгэхгүйгээр энэ хуралдаанаа хийж, өмнөх шийдвэрээ бататгах нь баараггүй гэж хэлж болно. Учир нь дунд суудлын хуралдааны шийдвэрээ Цэц дараагийн шатанд баталгаажуулдаг нь нэгэнт тогтсон жишиг юм. Шүүхийн тухай хуулийн дээрх заалтууд нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж шийдвэрлэвэл парламент түүнийг нь үг дуугүй дагах учиртай. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг УИХ нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулахааргүй болох нь. Өөрөөр хэлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог шинээр бүрдүүлэхээс авхуулаад шинэ хуулийн хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн олон ажил үгүй болно гэсэн үг. Тухайлбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан сонгон шалгаруулалтын ажлын хэсэг, тэндээс бүртгэсэн 50 гаруй нэр дэвшигч, тэдний талаар иргэд, олон нийтээс санал, шүүмжлэл, байр суурийг нь сонсох ажил үгүй болж таарах нь. Монголд байгаа болохгүй, бүтэхгүй бүхэн, шударга бус зүйлсийг сөрж, “хонгил”-ыг нураах гол “зэвсэг” гэгдэж буй Шүүхийн тухай хуулийн (энэ оны гуравдугаар сарын 1-нээс мөрдөж буй шинэчилсэн найруулга) дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог шинээр бүрдүүлэх ажил бүрмөсөн зогсох нь. Уг нь энэ сонгон шалгаруулалтын нүсэр ажил долдугаар сарын 1 гэхэд эцэслэж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо шинэ бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхлэх байв.
Шүүхийн тухай хуулийн эдгээр заалтыг парламентын хуульч гишүүд, эл хуулийг санаачлагчид нь шүүхийн шинэчлэлийн амин сүнс хэмээн онцолдог. Ийнхүү гол хөшүүргийг нь хүлээн зөвшөөрөөгүйтэй холбоотойгоор шинэчлэлийн үйл явц хэр удаан гацаж, ямар замаар цааш явах бол гэдэг нь анхаарал татаж байна. Шүүхийн шинэчлэл бол өнгөрсөн хэдэн жилийн турш ярьж, мэтгэлцсэн, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд анхаарал татсан хамгийн том сэдвийн нэг. Өнөөгийн эрх баригчид сүүлийн хоёр сонгуулийн турш ярьсных нь төлөө ялалт авчирсан “шударга ёсны тэмцэл”-ийг амилуулах зэвсэг байсан. Өөрөөр хэлбэл, нэг бус парламент дамнан ярьж байж хүрсэн шийдэл нь ийн хүлээн зөвшөөрөгдөөгүй тохиолдолд дараагийн хувилбарыг хэрхэн боловсруулах бол гэдэг нь халгам, нүсэр ажил байх нь гарцаагүй. Цэцийн дүгнэснээр нэгэнт Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны зарим гишүүнийг УИХ нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулах нь төрийн эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулж байгаа бол энэ эрхийг парламентад олгох уу. УИХ-д үгүй бол Ерөнхийлөгчид буцаагаад шилжүүлэх үү. Эс бөгөөс өөр хэнд, юунд өгөх гэж.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн үүрэг бол өнгөрсөнд ч, одоо ч шүүгчийг шилж, сонгон, энэ засаглал хараат бусаар, бие даан орших нөхцөлийг хангах явдал. Хуулийг шинэчлэхээс өмнө Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбоо болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг нэг хүн санал болгосныг Ерөнхийлөгч томилж байлаа. Шүүгч нарыг томилохоос гадна тэднийг шилж, сонгох үүрэгтэй зөвлөлийн гишүүдийг хүртэл Төрийн тэргүүн томилж байгаа нь шүүх засаглалыг нэг хүнээс хараат болгосон гэх шүүмжлэл нь өнөөдрийн өөрчлөлт, шинэчлэлийг эхлүүлэхээс аргагүй нөхцөл болсныг санах учиртай. Үүний зэрэгцээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч таван гишүүнийг хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр хүнийг нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгох тул Ерөнхийлөгчид ямар ч хамаагүй гэсэн үг. Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотойгоор Шүүхийн тухай хуульд холбогдох өөрчлөлт хийхээр болбол хэрэгжүүлж ч амжаагүй энэ заалтад дахин гар хүрэх, эсэхийг нь ч анзаарахад илүүдэхгүй.
Шүүхийн сахилгын хорооны тухайд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу эрх, үүргийн хувьд илүү нөлөөтэй, хүчтэй байх ёстой бүтэц юм. Шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэх, эсэхийг шийдвэрлэдэг байсан Шүүхийн ёс зүйн хороо нь Үндсэн хуулийн байгууллага болтлоо өндрөө авсан гэж ойлгож болно. Нэр хүндтэй хуульч, эрдэмтэн, судлаач зэрэг есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулж ирсэн. Гэхдээ тэднийг анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбоо, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гурав гурван хүнийг нэр дэвшүүлдэг байсан бол одоо тавыг (шүүгч бус) нь дээр дурдсанчлан нээлттэй сонгон шалгаруулалтаар УИХ томилох болчихоод байсан юм. Харин бусдыг нь хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгож тодруулах ёстой.
Эндээс харвал шүүх эрх мэдэлтэй холбоотой зарим эрх үүргийг Ерөнхийлөгч рүү өмнөх шиг шилжүүлэхгүй гэх баталгаа алга. Яг хэвээр нь өгдөггүй юм гэхэд өдгөө парламент авчихсан томилгооны эрхээс нь тодорхой хэсгийг Төрийн тэргүүнд шилжүүлэхээр байгаа юм. Тэгээд ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу 2019 онд баталсан заалтуудыг дараагийн найман жилд дахин оролдох нь хориотой. Тэгэхээр Цэцийн шийдвэртэй холбоотойгоор хийж болох Шүүхийн тухай хуулийн өөрчлөлт нь эрхгүй анхаарал татахад хүрлээ. Дараагийн Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийг атгах уу гэдэг нь ч сонгууль ойртсон энэ үед сонирхол татаж, шударга ёсыг хүссэн хэн бүхний анхаарлаас гадна байх учиргүй асуудал байх нь ээ. Цаашлаад хэн Ерөнхийлөгчөөр сонгогдох, аль намын нэр дэвшигч ялалт байгуулах, магадгүй МАН-аас сойсон хүн олонхын дэмжлэг авбал хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл улс төрийн нэг намын гарт очих уу гэх мэт олон асуулт, асуудал хөврөхөөр байна.