Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө МАН-ын дараагийн дарга болох ёстой гээд мэдэгдчихлээ. МАН-ын үндсэн дүрмийн 24.3-т “УИХ-ын сонгуульд нам олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэх заалт ч бий. Тэгж яривал эрх баригчид парламентын 2020 оны сонгуульд оролцохдоо ялсан намын дарга нь заавал Ерөнхий сайд байхаар Улс төрийн намын тухай хуульд тусгахаар мөрийн хөтөлбөртөө амласан. Тэгээд ч гүйцэтгэх засаглалыг улс төрийн намын лидер, эсвэл Ерөнхийлөгч тэргүүлдэг жишиг олон улсад нэгэнт тогтсон. Тэр дундаа парламентын засаглалтай улсад сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болох нь нийтлэг үзэгдэл. Өнгөрсөн зууны 50-иад оноос эхлэн парламентын засаглалтай бараг бүх улсад намын дарга нар хүчтэй Ерөнхий сайдын дүрийг амжилттай бүтээсээр өнөөдөртэй золгосон юм.
Харин өнөөгийн Ерөнхий сайдад намынх нь зүгээс итгэл хүлээлгэж, дүрмээ мөрдөн, олон улсын жишгийг дагаж, түүнийг даргаараа “ногоон” гэрлээр сонгох болов уу. У.Хүрэлсүх түүнд намын тамгаа шилжүүлэхгүй бол Засгийн газрын тэргүүний суудлаасаа татгалзахад ч түвдэх зүйлгүй гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлчихсэн. Иймд УИХ-д үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй эрх баригчид 2020 оны сонгуулиас хойш гурав дахь Засгийн газраа байгуулахгүй гэх баталгаа байна уу. Өнгөрсөн жилийн ялагдлаас хойш бужигнасан АН-ынхан өдгөө өлсгөлөн, суулт зарлахдаа тулсан шиг тамганы хэрүүл Ардын намынхнаас ангид байж чадах уу.
Уг нь 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хүчтэй Ерөнхий сайд, тогтвортой Засгийн газар оршин тогтнох зохицуулалтыг хуульчилсан хэмээж буй. Тиймээс ч өнгөрсөн сонгуульд оролцсон нам, эвслүүдийн дарга нарын дунд “Хэн нь хүчтэй Ерөнхий сайд байх вэ” гэсэн “марафон” илүү идэвхтэй өрнөж, кампанит ажил, сурталчилгааных нь салшгүй хэсэг болж байлаа. Гагцхүү хуулийн заалтаар хүчтэй Ерөнхий сайдыг “бүтээчихгүй” тул нам, эвслийн дарга нарын улс төрийн нөлөө, олон нийтийг татах байдал, хувь хүн, улстөрчийнх нь харизм төдийгүй бие бялдар, зүс царайг нь хүртэл харьцуулан сонжиж байв. Тухайлбал, АН дараагийн Ерөнхий сайдаараа Р.Амаржаргалыг зарласнаар эхэлсэн энэхүү буухиаг сайн жишиг хэмээн хүлээн авсан нь олон. Гэхдээ тухайн үеийн АН-ын дарга С.Эрдэнэ өөрөөсөө өөр хүнийг Ерөнхий сайдаар нэрлэснийг нь өрсөлдөгчид нь, Ардын намынхан хамгийн их их шүүмжилж байсныг санахад илүүдэхгүй. Юутай ч Засгийн газрын тэргүүн битгий хэл, гүйцэтгэх удирдлагын түвшинд томилох албан тушаалтнуудыг урьдчилан танилцуулалгүй, “нууцаар” томилдог манайд шинэ хандлага гэхээс ч аргагүй. Гэвч нэлээд найдлага тавьж, хүлээлт үүсгэсэн эл өөрчлөлт хэрхэн хэрэгжих, гүйцэтгэх засаглал хүчтэй бөгөөд тогтвортой байж чадах, эсэхийг өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр байгуулсан Засгийн газар бүрэн дүүрэн харуулах боломжтой байсан ч чадаагүй. Дөнгөж төрсөн эх, нярай хүүхдэд хүнлэг бус харьцсаныг хүлээн зөвшөөрч чадаагүй залуусын шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, эрх баригчид тэс өөр тийш залж, үзэл бодлыг нь үнэгүйдүүлж, өнөөдрийн нэр дэвшигчийн замаа засчихсан. Тиймээс л эрх баригчдад эргэлзэн байж дээрх асуултуудыг тавиад байгаа юм.
Түүх сөхвөл, 2000 онд МАХН (өнөөгийн МАН)-ын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайдаар томилогдсоноор намын дарга нь Засгийн газраа тэргүүлдэг эл жишиг манайд биеллээ олсон гэж хэлж болно. Үүнээс өмнө буюу шинэ Үндсэн хууль баталсан ардчилсан төрийн үед гүйцэтгэх засаглалыг анх тэргүүлсэн П.Жасрай (1992), М.Энхсайхан (1996), Ц.Элбэгдорж (1998), Ж.Наранцацралт (1998), Р.Амаржаргал (1999) нарын хэн нь ч Ерөнхий сайдаар томилогдох үедээ намаа удирдаж байгаагүй юм. Н.Энхбаяраас хойш Ерөнхий сайдаар ажилласан Ц.Элбэгдорж (2004 онд томилогдсон, тэрбээр уг албыг хоёр удаа хашсан нэгэн) АН, М.Энхболд (2006) МАХН, С.Баяр (2007) МАХН, С.Батболд (2009) МАХН, Н.Алтанхуяг (2012) АН-ын дарга байв. Харин Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсны дараа түүний оронд АН-ын даргаар сонгогдсон З.Энхболд бус, Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсон юм. З.Энхболдыг УИХ-ын даргаар сонгосон. 2016 онд сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын дарга М.Энхболд мөн УИХ-ын даргаар сонгогдсоноор парламентын сонгуульд ялсан намын дарга гүйцэтгэх эрх мэдлийг толгойлдог нийтлэг жишгээс Монгол Улс татгалзсан юм.
Үнэхээр ч намын даргаа Ерөнхий сайдаар томилоогүйгээс болж Засгийн газар тогтвортой ажиллаж чаддаггүйг дээрх түүх харуулна. Сүүлийн хоёр тохиолдлыг харахад л аль аль нь дангаараа Засгийн газраа байгуулахуйц, тэр ч битгий хэл УИХ-д 65 суудал авч, үнэмлэхүй олонх болчихоод гүйцэтгэх засаглалаа нэгэн бүрэн эрхийн хугацаанд гүйцэд, нэг удирдлага дор ажиллуулж чадаагүй. 1996-2000 онд “Ардчилсан холбоо” эвсэл УИХ-д 50 суудал авсан ч дөрвөн жилийн дотор дөрвөн Ерөнхий сайд сольж, Засгийн газраа огцруулсан түүх ч бий. Намын дарга атлаа Ерөнхий сайд болоогүй, зовлонг нь зах зухаас нь мэдэрсэн З.Энхболд өнгөрсөн онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг ид өрнөх үеэр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа “Парламентын засаглалтай орнуудын хувьд сонгуульд намын дарга нар намаа тэргүүлэн орж, ялбал шууд Ерөнхий сайд болдог. Ялсан намын дарга Ерөнхий сайдаар хэнийг томилох вэ гэдэг уралдаан дэлхийн хаана ч болдоггүй. Энэ жишгийг 1992 оны Үндсэн хуульд тодорхой зааж өгөөгүй учраас гудамжинд явж байсан хэн нэгэн шууд Ерөнхий сайд болсноос олон асуудал үүдсэн. Намын дарга Ерөнхий сайд болох ёстой гэвэл сонгуулийн явцад намынхаа нэр дэвшигчдийг араасаа жагсааж, түүчээ тогоруу нь болж, Засгийн газрыг тэргүүлэх мандат олж авч байна гэсэн үг. Дэлхий нийтийн жишгийг дагая. Намын хагарал үүнээс л улбаатай. Дэлхийд мөрдөж буй парламентын тогтолцоог авах гэж байгаа бол бүгдийг нь хэрэгжүүлэх ёстой” хэмээн онцолж байсан юм.
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдох, эсэхээс үл хамааран МАН-д даргын “орон тоо” хэдийн суларсан. Намын даргын суудалд нүд унагаж, нууцаар санаархаж буй хэсэг, бүлэг тус намд байхыг үгүйсгэхгүй. Тэгээд ч МАХН-ыг өөртөө нэгтгэсэн нь Засгийн газрыг хөдөлгөх шалтгаан болохгүй гэх баталгаа алга. Тухайлбал, намын шийдвэр гаргах бүхий л шатанд 30 хувийг нь МАХН-ын хүмүүсээр бүрдүүлэх тохиролцоо хийгээд байгаа тэд Засгийн газарт ч орж ажиллах магадлал өндөр.
Засгийн газрын тэргүүнээр томилогдчихоод, эрх, үүргээ бүтэн болгоно гэсээр МАН-ын даргаар томилогдсон У.Хүрэлсүхийн хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ялсан намын дарга нь заавал Ерөнхий сайд байхаар Улс төрийн намын тухай хуульд оруулна гэж тусгах нь зүйн хэрэг байсан. Одоо харин энэ бодол нь хэвээрээ, эсэх нь тамга шилжүүлэх үйл явцтай холбоотойгоор илүү тодрох биз. Бас түүний нам дахь нэр хүнд, фракц, бүлэглэлгүй, зангидсан гар шиг гэгддэг Ардын намынхан ярьдаг шигээ эв нэгдэлтэй байдаг уу гэдэг харагдана.
Сануулахад, өмнөх хийгээд өнөөгийн УИХ-ыг даргалж буй Г.Занданшатар ч “Сонгуулиар олонх болсон намын дарга нь Ерөнхий сайдаар томилогдохоор хуульчилснаар Үндсэн хуулийн 3.1-т заасанчлан ард түмэн гүйцэтгэх засаглалын тэргүүнээ дам сонгох эрх эдлэх болно. УИХ-ын сонгуулийн агуулга өргөжиж, гүйцэтгэх засаглалын тэргүүнээ зарлаж, ил тод өрсөлдөх замаар ард иргэд Ерөнхий сайдаа гишүүдээр дамжуулж, шууд бусаар сонгодог болно. Энэ бол парламентын засаглалтай улсуудын нийтлэг жишиг, ардчиллыг амилуулах үндсэн зарчим. Ард түмнээс мандат авсан Ерөнхий сайд мэргэжлийн Засгийн газрыг бүрдүүлж, тогтвортой, хариуцлагатай ажиллах учиртай. Эдгээр нь цогц өөрчлөлт болсноор ардчилал төгөлдөршиж, тогтвортой засаг, хариуцлагатай төр төлөвшинө” хэмээн онцолж байлаа. УИХ-ын энэ удаагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ заалт багтах, эсэх, цаашлаад хүлээлт үүсгэсэн олон асуудлыг үүгээр шийдэж чадах уу гэдгийг харах л үлдлээ.