УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Уг төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үеэр гүйцээн боловсруулах, найруулгыг нь засах чиглэл УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсгийнхэнд өгсөн. Тиймээс хуулийн зорилтыг тодорхой болгон найруулж, хоршоодын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг нарийвчлан тусгажээ. Мөн ажлын хэсгийн гишүүн Ц.Мөнх-Оргил хоршоонд нийлүүлсэн хувь хөрөнгийнхөө хэмжээгээр гишүүд нь хариуцлага хүлээдэг байх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг дэмжсэн аж. Байнгын хорооны гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт тавьж, хариулт авлаа. Тухайлбал, Х.Болорчулуун гишүүн “Хоршоо бол иргэдийн нэгдэж ажиллах хэлбэр. 1990 оноос өмнө хоршооны хамгийн том хэлбэр нь нэгдэл байсан. Тухайн үед сум бүрт нэг нэгдэл үйл ажиллагаагаа явуулдаг байв. Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, малын ашиг шимийг нэмэгдүүлэхэд хоршооны зүгээс онцгой анхаарч байсан учир манай улсын нийгэм, эдийн засагт ихээхэн түлхэц үзүүлсэн. Хуулийн шинэчилсэн найруулгад хоршоог хөгжүүлэх чиглэлээр зарчмын шинжтэй ямар өөрчлөлт тусгасан бэ” гэж асуув. Үүнд С.Чинзориг гишүүн “Хоршоог төрөөс бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатай. Одоогийн хуулиар хоршоонд хувь нийлүүлсэн хөрөнгө нь гишүүдийн нэр дээр бүртгэлтэй байгаа. Ийм нөхцөлд хоршоо хөрөнгөгүй, зээл авах боломжгүй учир хөгждөггүй. Тиймээс хувь нийлүүлсэн хөрөнгийг нь хоршооны нэр дээр бүртгэдэг болно. Мөн НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулна. Ингэснээр хоршоо нь гишүүдийнхээ ноос, ноолуурыг авч, үйлдвэрт нийлүүлсэн бол НӨАТ-аас чөлөөлөх юм. Түүнчлэн хуулийг дагалдуулж УИХ-аас шаардлагатай тогтоол гаргахаар төлөвлөсөн” гэж хариуллаа.
Дараа нь Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн юм. Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар хуралдаанд танилцуулав. Тэрбээр “Эдийн засаг, нийгэмд үзүүлэх цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжих, төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг тусгасан, Шуурхай арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хэлэлцээрийг Засгийн газар Азийн хөгжлийн банктай байгуулж, УИХ-ын чуулганы өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 23-ны хуралдаанаар хэлэлцэн, батлуулсан. Үүний хүрээнд 2020 онд 156.4 сая ам.долларын санхүүжилтээр хоёр төсөл, төсвийн дэмжлэгийн нэг хөтөлбөр батлан, хэрэгжүүлж байна. Харин энэ онд 100 сая ам.долларын эх үүсвэр бүхий төсвийн дэмжлэг болон 40 сая ам.доллароор коронавирусийн вакцин худалдан авах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Ирэх долдугаар сарын 1 хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэн олгоход зориулан 73 сая ам.долларын нэг, цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын хоёр төслийг удахгүй батлуулна. Цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад нэмэлт дэмжлэг үзүүлэх боломж бүрдүүлэхийн тулд дээрх хөтөлбөрт өөрчлөлт оруулахаар Азийн хөгжлийн банкныхантай тохирсон. Нэмэлт, өөрчлөлт оруулснаар тус банкнаас 170 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээл олгох боломж бүрдэнэ” хэмээв. Зээлийн хөрөнгийг үр ашигтай зүйлд зарцуулах, халамж, тэтгэмж олгоход аль болох зориулахгүй байхыг гишүүд захисан юм.
Бэлтгэсэн: Б.Анх