Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, “Таван толгойн ордыг ашиглах, үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолыг батлав. Тогтоолд Таван толгойн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтад багтаж буй төслүүд, нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлж, гүйцэтгэлийг эрчимжүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Тавантолгойн ордын нүүрсийг нэмүү өртөг шингээн баяжуулж, эрдэс баялгийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх замаар үнэ цэнийг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар хураамж орлогыг нэмэгдүүлэхэд энэхүү үйлдвэрийг ашиглалтад оруулах нь чухал хэмээн үзжээ. Таван толгой нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл энэ сард хэлэлцэн баталсан бөгөөд ирэх долоодугаар сард багтаан төслийн урьдчилсан зураг төслийг хийж дуусгахаар төлөвлөсөн байна.
Тус нүүрс баяжуулах үйлдвэр нь тус бүр 10 сая тн (жил хүчин чадал бүхий 3 блокоос бүрдэх бөгөөд үйлдвэрийн бүрэн хүчин чадал нь 30 сая тн) байх юм. Төслийн нийт өртөг 911.53 сая ам.доллар, хөрөнгө оруулалтаа долоон жилийн дотор нөхөх өндөр үр өгөөжтэй гэж үзэж буй. Үйлдвэрт Тавантолгойн ордын коксжих, сул коксжих нүүрсийг баяжуулж, хатуу коксжих нүүрсний баяжмал, хагас зөөлөн коксжих нүүрсний баяжмал, мидлингийг гаргаж, дэлхийн зах зээлд нийлүүлэхээр болжээ.
Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор мянга орчим ажлын байр шинээр бий болж, улсын болон орон нутгийн төсөвт 208.45 сая ам.долларыг төвлөрүүлэх боломжтой хэмээн албаныхан үзэж буй.