Олон улсын парламентын холбооны Гүйцэтгэх хороо “КОВИД-19” цар тахлын улмаас энэ удаагийн 142 дугаар ээлжит чуулганыг ирэх сарын 24-27-нд цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. ОУПХ-ны эл чуулган “Цар тахлыг өнөөдөр даван туулж, сайн сайхан маргаашийг цогцлоох нь: Парламентуудын үүрэг” гэх үндсэн сэдвийн дор зохион байгуулагдах юм. Чуулганы бэлтгэл ажлын хүрээнд ОУПХ-ны Байнгын хороод, Ажлын хэсэг, Эмэгтэй парламентчдын форум болон Залуу парламентчдын форумаас цахим хурлуудыг энэ сарын 26-ны өдрөөс зохион байгуулж эхлээд байна.
ОУПХ-ны Энх тайван, олон улсын аюулгүй байдлын байнгын хорооноос зохион байгуулсан анхдугаар цахим хуралд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж УИХ-ын гишүүн Б.Саранчимэг оролцсон. Тэгвэл өнөөдөр болсон ОУПХ-ны Тогтвортой хөгжлийн байнгын хороо болон НҮБ-ын байнгын хороотой хамтарсан хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Өнөрболор оролцож, “Нийтийн сайн сайхны төлөөх вакцины хүртээмж” сэдвийн дор зохион байгуулсан хэлэлцүүлэгт манай улсыг төлөөлж, үг хэлсэн юм.
Тэрбээр, “Монгол Улс ДЭМБ болон “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд хүн амынхаа зорилтот бүлгийн 30 гаруй хувийг вакцинжуулсан, энэ завшааныг тохиолдуулан хандивлагч орон, байгууллагуудад талархал илэрхийлье” гэв. Мөн дэлхий дахинд тулгамдаж буй сорилт, цар тахлыг даван туулахын тулд олон улсын парламентчид хамтран ажиллах шаардлагатай байгааг онцолж, "Бүгдээрээ хамтдаа хичээцгээе" уриан дор байр сууриа илэрхийлжээ. Түүнчлэн, “Монгол Улсын Их Хурал Ази, Номхон далайн орнуудын парламентчдын ээлжит чуулганыг зохион байгуулна. Энэ үеэр бүс нутгийн парламентын гишүүд, дэлхийн нийтийн өмнө тулгамдсан сорилт, бэрхшээлийг даван туулахад чиглэсэн яриа, хэлэлцүүлэг өрнүүлж, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлсэн уулзалт болно гэдгийг найдаж байна” хэмээв.