Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан хаалттай үргэлжилж байна. Албан ёсоор мэдээлээгүй байгаа ч хуралдаанаар хоёр хуваагдан, өөр өөрсдийн даргаа сонгоод буй Ардчилсан намаас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд, бүртгэхээс татгалзжээ. Өмнө нь Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан нэгдүгээр сарын 14-нд болж, Ардчилсан намын Х Их хурлаар хэлэлцсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзаж, эл хурлаас гаргасан Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл, холбогдох бичиг баримтыг процессын дагуу явагдаагүй, дүрмийн бус гэж үзэн Ц.Тувааныг цахим бүртгэлийн сангаас хасах шийдвэр гаргаж, тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийг намын Үндсэн дүрэмд заасны дагуу сонгон шалгаруулах нь зүйтэй гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, өөр хоорондоо дүрмийн дагуу учраа олж, асуудлаа дотооддоо шийдвэрлэсний дараа бүртгэхээр болсон билээ.
Тэгвэл энэ удаа мөн л буцаасан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан Ардчилсан намаас гадна Иргэний зориг ногоон нам, Ард түмнээ хайрлая намын хүсэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэх юм.