“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэх ажлын явцын талаар Монгол Улсын Ерөнхий сайдад танилцууллаа.
“Богдхан төмөр зам” төсөл нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн гол зам болох Мандал өртөөнөөс салаалан Богдхан уулын урдуур тойрч Мааньт өртөөнд холбогдох чиглэлтэй. Уг төслийг хэрэгжүүлснээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийг Богд уулын урдуур тойруулж, Улаанбаатар хотын төвийг дайруулахгүй өнгөрөөх боломж бүрдэх юм. Мөн төмөр замын одоогийн шугамыг зорчигчийн галт тэрэг аялуулах, хот, дүүргийн нийтийн зорчигч тээвэрт ашиглах боломж бүрдэх аж. Эл бүтээн байгуулалтыг “УБТЗ”-ийн гол замын хамгийн өндөр хэвгийтэй, жингийн хугарал үүсгэдэг (галт тэрэгний жин 4200 тонн хүртэл буурдаг), өгсүүр хэсгүүд болох Эмээлт, Хоолтын давааг тойруулж тавьснаар галт тэрэгний хэсгийн хурд нэмэгдэн бүх хэсгүүдэд ижил 5800-6000 тн жинтэй болох гэнэ. Үүнээс гадна эл төмөр замыг ийнхүү тавьснаар ачаа тээвэрлэлтийг жилд 5-6 сая тонноор нэмэгдүүлэх, Эмээлт зөрлөгөөс Хангай зөрлөг хоорондын замд байрлах хамгийн бага радиустай тахирууд дээр үүсдэг хүндрэлүүд шийдвэрлэгдэж, зам ашиглалтын зардлыг бууруулах эдийн засгийн үр ашигтай хэмээн албаныхан үзжээ.
Тиймээс Улаанбаатар хотын авто болон төмөр замын ачаа, тээврийн ачааллыг бууруулах, эргэлтийг нэмэгдүүлэх зорилготой эл төслийн ажлын хэсгийн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн урьдчилсан төсөв, төлөвлөгөөний шинэчилсэн мэдээллийг өнөөдөр Ерөнхий сайдад танилцуулсан юм. Энэ үеэр нэн тэргүүнд нарийвчилсан зураг төсөл боловсруулахад шаардагдах судалгааны ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд хэлээд судалгааны ажлын санхүүжилтийг богино хугацаанд шийдвэрлэх гарцыг ажлын хэсгийн гишүүд болох Сангийн сайд, ЗТХ-ийн сайд нарт даалгаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов.