Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан гишүүдийн 73.7 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэв.
Нэг.
Байнгын хорооны хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газраас энэ сарын 21-нд өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх, эсэх асуудлыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. Ингээд Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцлээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төслийн нэгдүгээр зүйлийн “усалгааны” гэсний дараа “хүлэмжийн” гэж нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар төслийн гуравдугаар зүйлийн “батлагдсан өдрөөс эхлэн” гэснийг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Харин УИХ-ын гишүүн Ж.Батжаргал төслийн гуравдугаар зүйлийн “2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг” гэснийг “2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.
Хоёр.
Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төслийг зүйл бүрээр нь хэлэлцлээ.
Импортолж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодист ногдуулах гаалийн албан татварыг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хөнгөлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй хэмээн үзэж Засгийн газраас уг хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлээд байгаа юм. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, тодруулан байр сууриа илэрхийлж, зарчмын зөрүүтэй зарим санал гаргасныг санал хурааж шийдвэрлэн Байнгын хорооны томьёоллын хамт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.