Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэн шаардлагатай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт бүхий хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр Засгийн газраас УИХ-д өнгөрсөн долоо хоногт өргөн барьжээ. Уг төслийг боловсруулахад хүргэсэн практик шаардлагын талаар хууль санаачлагчид “Газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын үнэ “Ковид-19” цар тахлын тархалттай холбоотойгоор гадаад зах зээлд 30 орчим хувиар өслөө. Энэ нь дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, технологийн ажиллавруудыг цаг хугацаанд нь хийх боломж хомстохын зэрэгцээ бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөлийг бий болгоод байна.
Иймд газар тариаланд шаардлагатай шинэ техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг эдийн засгийн хямрал, валютын ханш өссөн энэ үед албан татварыг нь хөнгөлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих шаардлагатай байна.
Импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2020 оныг дуусталх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Энэ нь зардал өндөртэй, уналтад байсан газар тариалангийн үйлдвэрлэлийн өсөлтийг тогтворжуулан, тариаланч, үйлдвэрлэгчдийн эдийн засгийн чадавхыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжин, иргэдээ эрүүл аюулгүй, хоол хүнсээр хангахад эрх зүйн томоохон хөшүүрэг болж чаджээ.
Статистик мэдээгээр дээрх хуулийг хэрэгжүүлснээс хойш нийт нэг их наяд төгрөгийн техник, 893.4 тэрбум төгрөгийн бордоо, ургамал хамгааллын бодис импортоор авч, 281.4 орчим тэрбум төгрөгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлжээ. Эл бодлогын үр дүнд хураан авсан ургацын хэмжээ нэмэгдэж, газар тариалангийн салбарт өсөлт гарч буй ч хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө дутмагаас дэвшилтэт технологи нэвтрүүлэх, техникийн шинэчлэлийг хангалттай хэмжээнд хийж хараахан амжаагүй байна. Үр тарианы техникийн шинэчлэл 65 хувьтай байгаа ба төмс, хүнсний ногооны механикжуулалтын түвшин хангалтгүйгээс тарих, хураах, сортлох ажлын ихэнхийг гар аргаар гүйцэтгэж буй нь хөдөлмөр зарцуулалтыг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг бууруулдаг.
Техник, технологийн шинэчлэл бүрэн хийгээгүй, үйл ажиллагаа нь дөнгөж тогтворжиж эхэлж буй энэ үед нь тариаланчид, үйлдвэрлэгчдэд татварын дарамт учруулахгүй байх, бэлчээрийн нөхөн сэргээлтийн техник, технологийг нэвтрүүлэх, үйлдвэрлэгчийн албан ёсны дилерийн тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Хөдөө аж ахуйн техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ Монгол орны хөрс, уур амьсгалын нөхцөлд тохирсон, газар тариалангийн үйлдвэрлэлийн технологийн болон бүтээгдэхүүний чанарын шаардлагад нийцсэн хөрсний үржил шимийг дээшлүүлэхэд чиглэсэн, байгаль орчинд сөрөг нөлөө багатай трактор, комбайн, хөдөө аж ахуйн машин, техникийг нэвтрүүлэх чиглэл баримталж байна” гэжээ. Мөн шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухайд “Гаалийн ерөнхий газрын 2019 оны статистик мэдээгээр улсын хэмжээнд жилд 330 сая ширхэг өндөг хэрэглэдэг бөгөөд үүний 52 хувь буюу 173 сая ширхгийг нь дотоодоос, үлдсэн 48 хувь буюу 161 сая ширхгийг нь импортоор оруулж ирдэг. ОХУ-ын Эрхүү, Красноярск, Новосибирск мужаас өндөг импортолж байна. 2010 оны үед шувууны 30 гаруй аж ахуйн нэгж байсан боловч импортын зах зээлийн үнийн өрсөлдөөний улмаас хаагдаж, өнөөгийн байдлаар энэ чиглэлээр есөн томоохон компани үйл ажиллагаа явуулж байна.
Хэдийгээр үйлдвэрлэх өндөгний тоо хэмжээ нэмэгдэж буй ч үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө дутмаг, банкны зээлийн хүү өндөр байгаагаас шалтгаалан техникийн шинэчлэл хангалттай түвшинд хийж чадахгүй байгаа төдийгүй дэмжлэг зайлшгүй хэрэгтэй” хэмээсэн байна.
Эл төслийг хэлэлцэх асуудлын тов дараалал харгалзахгүйгээр нэн яаралтай горимоор хэлэлцүүлэх УИХ-ын даргын захирамж гарсан бөгөөд хууль болон батлагдвал татвараас чөлөөлөх барааны жагсаалтыг Засгийн газар батлах аж.
Бэлтгэсэн: А.Амина