Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, "Рио Тинто", "Туркойс Хилл Ресурсес" компанийг маргааны оролцогч тал болгож, сөрөг нэхэмжлэл гаргахыг дэмжлээ.
Монгол Улсын эрх ашгийг хангуулах, Засгийн газрын байр суурийг хамгаалах зорилгоор гурван асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзэн, Сангийн болон Хууль зүй, дотоод хэргийн яам, холбогдох төрийн байгууллагад сөрөг нэхэмжлэл гаргах эрх олгож, зохих арга хэмжээ авах чиглэл өглөө. Үүнд "Рио Тинто", "Туркойс Хилл Ресурсес" компани гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байж болзошгүй, Оюутолгой төсөлтэй холбогдуулж нийтийн албан тушаалтнууд хууль зөрчин, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар гадаадын хөрөнгө оруулагч талд илт давуу байдал олгосон байж болзошгүй асуудал багтаж байгаа аж.
"Оюу Толгой" компанийн 2013-2015 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд татварын хяналт, шалгалт хийж холбогдох зөрчилд ногдуулсан шийтгэлийн хуудас, 2015, 2016 онд молибденд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож төлөөгүй" гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан шийдвэрийн талаар "Оюу толгой" компани өнгөрсөн оны хоёрдугаар сарын 20-нд НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Арбитрын дүрмийн дагуу Лондоны олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Арбитрын бүрэлдэхүүний гаргасан маргаан шийдвэрлэх хуваарийн дагуу Засгийн газар энэ оны хоёрдугаар сарын 21-ний дотор хариу тайлбар гаргах байсан.
Гэвч "Оюу толгой" ХХК 2021 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн татварын шинэ акттай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргаж, Хөрөнгө оруулалтын гэрээний 14.1-д заасан шаардлагыг хангах хүрээнд Арбитрын бүрэлдэхүүн дээрх хугацааг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр болгон хойшлуулаад байсан юм.