УИХ-ын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Үндсэн хуулийн цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй гэж шийдсэн гэдгээр нь олон нийт мэдэх болсон эл дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж байнгын хорооны гишүүдийн олонх санал нэгдсэн юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн Цэцийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх явцад гишүүдийн тавьсан асуулт, байр суурийг тоймлон хүргэж байна.
Н.Алтанхуяг: -Цэцийн дүгнэлтийг яагаад ийм хурдан хэлэлцэж байна вэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах үеэр байнгын хорооны дарга С.Бямбацогт та Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бүх хүн дахин нэр дэвших эрхтэй гэж хэлж байсан юм билээ. Манай төрд МАНАН-гийн завхрал үргэлжилсээр л байх юм байна. 2016 онд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг яг энэ технологиор өөрчилсөн. Сонгуулиас зургаан сарын өмнө өөрчлөлт оруулж болохгүй гэдгийн дагуу 2015 оны сүүлчээр хуулиа баталчихаад байхад дөрөвдүгээр сард Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн. Үүний тулд Цэцэд нэг нөхрөөр мэдээлэл гаргуулчихад л хангалттай. УИХ-ын сонгуулийн тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж Цэц дүгнэлт гаргасныг нь УИХ өнөөдрийнх шиг хэлэлцэж, хүлээн аваад, хуулиа өөрчилсөн. Монгол Улсыг жижиг 76 тойрогт хувааж, хорлох алхам хийсэн. МАНАН гэж хэлээд байгаа нь 2016 оны энэ өөрчлөлтийг хийхэд манай АН-ынхан эрх барьж байсан учраас хүч түрээд л баталчихсан юм. Одоо ч яаран сандран хэлэлцээд эхэллээ.
Н.Энхболд (Цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон): -Цэц дүгнэлтээ 24 цагийн дотор УИХ-д ирүүлэх учиртай. УИХ өчигдөр буюу даваа гарагт дүгнэлтийг хүлээн авсан. Сонгуультай холбоотой учраас шуурхай хэлэлцэх ёстой гэж үзсэний дагуу хуралдаж байгаа болов уу.
С.Бямбацогт (Хууль зүйн байнгын хорооны дарга): -Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхтэй, эсэх талаарх энэ заалтыг 2025 оноос мөрдөхөөр байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн явцад ажлын
хэсгийн түвшинд ярилцсаны дүнд уг хугацааг 2020 оноос мөрдөх саналыг тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд гаргасан нь дэмжигдсэн. Ер нь бол одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхтэй гэж л ойлголцсон. Сонгуулийн жил хуулийг нь өөрчлөхгүй байх зохицуулалттай ч Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн дагуу яах аргагүй гар хүрээд байна.
Ц.Мөнх-Оргил: -Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Ингэхээс өөр арга алга. Энэ заалтыг 2025 оноос мөрдөхийг нь хэвээр үлдээсэн бол өнөөдрийн асуудал үүсэхгүй байсан. Өнгөрсөн хуралдааны протоколоос ч үүнийг тодорхой харж болохоор байна шүү дээ.
Д.Ганбат: -Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ч, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг ч МАН олонх бүхий парламент баталсан. Монголд хууль дээдлэх ёс алдагдчихаж. Үндсэн хуулийн цэц улстөржсөн байгууллага боллоо. Сонгуультай жил хуулийг нь өөрчилж болохгүй гэж хориглосныг энэ удаа бас л зөрчих үү. Өнгөрсөн баасан гарагт Цэцийн хуралдааныг товлосон цагаас нь хойшлуулж, бүрэлдэхүүнийг ч гэнэт өөрчилсөн байна лээ. Үүнийг УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч та эсэргүүцэж болоогүй юм уу.
Н.Энхболд: -Хуралдаанаа хэдэн цагт эхлэх, бүрэлдэхүүнд хэнийг оруулах вэ гэдгээ Цэц өөрөө шийддэг. Явцын дунд маргалдагч талуудаас санал тавивал дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах боломжтой юм билээ. 09.00 цагт хуралдаан эхлэх байсан ч хойшилсныг бидэнд мэдээлсэн. Шалтгаан нь хуралдааны бүрэлдэхүүнд орсон хүн өөрөө татгалзсантай холбоотой гэж хэлсэн. Цэцийн хэн гэдэг гишүүн татгалзсаныг тодруулахад тэрийг хэлэх бололцоогүй гэж уламжилсан юм. Ер нь УИХ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдааны бүрэлдэхүүнээс татгалзах боломжгүй юм билээ. Нэгэнт асуудал үүссэн учраас сонгуулийн хууль, тогтоомжтой холбоотой маргаанаа цэгцэлж, нэг талд нь гаргахаас аргагүй.
Д.Ганбат: -Хууль дээдлэх ёс алдагдсан гэдгийг та хариултаараа хэлээд өгчихлөө. Нийгмийн сүлжээнд та бүхнийг “мангарууд” гэх болсон. МАН гэсэн товчлолыг чинь ашиглаж биш, уг үгийн үндсэн утгаар нь та нарыг хэлж байгааг ойлгоорой. Цэцэд “тоглоомон нам”-аас гомдол гаргаад л ингээд шийдчихдэг байж болохгүй.
Ц.Сандагдорж: -Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй санал нэг байна. Харин сонгууль зохион байгуулах ажиллагаа хуульд заасан цаг хугацаанд амжихаар байна уу.
Н.Энхболд: -Миний хариулах асуулт биш байна. Гэхдээ сонгуулиас өмнө хууль, тогтоомжийн хувьд нэг мөр ойлголттой болох ёстой. Өөрөөр хэлбэл, Цэцийн дүгнэлтийг хүлээж авах, эсэхээ шийдсэний дараа УИХ бүхэлдээ энэ асуудалд анхаарал хандуулах шаардлага гарах байх.
С.Бямбацогт: -Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсан тохиолдолд маш богино хугацаанд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулна. Тиймээс энэ дүгнэлтийг яаралтай хэлэлцэж байгаа юм.
Ш.Раднаасэд: -Ямар ч хуулийг боловсруулахад Ерөнхийлөгчөөс санал авдаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг УИХ-ын хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн ахлагч нь Н.Энхболд гишүүн. Та Ерөнхийлөгчөөс саналыг нь авсан, эсэх талаар тодорхой хариулт өгнө үү. Нөгөө талаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр маргаан дагуулаад байгаа энэ заалтыг оруулахдаа ерөөсөө л Ерөнхийлөгчөөр нэг удаа сонгогддог байх зарчим барьсан. Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхтэй, эсэхийг тодруулсан. Тухайн үед бүх шатандаа ойлголцсон юм шиг л хариулж байсан шүү дээ. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх процессыг хуулиар сайтар зохицуулах шаардлага үүсжээ. Цэцийн гишүүнээс чөлөөлөгдсөн Ш.Цогтоо хэвлэлд ярилцлага өгснийг нь уншлаа. Туйлын хариуцлагагүй мэдэгдлүүд хийсэн байна лээ. Үндсэн хуулийн баталгаа болсон Цэцэд ийм байдал хэзээ ч үүсэж байгаагүй. Бүрэн эрхийн хугацаа нь дуусахаар нулимаад явдаг байж таарахгүй.
Н.Энхболд: -Энэ хуулийг хэлэлцэж байхад ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга тэргүүтэй томоохон бүрэлдэхүүн багтаж ажилласан. Хэд хэдэн удаа уулзаж, ярилцаж, саналыг нь авсан. Тэдний гаргасан саналын бараг 90 орчим хувь нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд туссан юм шүү. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсоныхоо дараа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгийн бүх протоколыг эргэж харахад Төрийн тэргүүнээр сонгогдсон хүн дахин нэр дэвших эрхтэй, эсэх талаар огт дурдагдаагүй байсан. Ерөнхийдөө Үндсэн хуулийнхаа агуулгыг бариад баталсан гэсэн үг.
Л.Мөнхбаатар: -Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг одоо өөрчилж болох, эсэх тухай маргаан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд хамаарахгүй. Үндсэн хуулийн зөрчилтэй хуулиар сонгууль явуулж болохгүй.
Т.Доржханд: -Д.Ганбат гишүүн та үг хэлэхдээ хариуцлагатай байгаарай. Улс төрийн хүчнийг “тоглоомон нам” гэж хэлсэн нь тодорхой үндэслэлтэй гэж найдаж байна. Та нараар намаа муу хэлүүлэхгүй шүү. Хоёрдугаарт, парламент алдаа гаргасан нь үнэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчид холбогдох тодорхой дөрвөн зүйлээс нэгийг нь үлдээгээд хуульчилсан нь үнэн биз дээ. Монгол Улсын 50 нас хүрсэн, сүүлийн таван жил эх орондоо амьдарсан, уугуул иргэн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй гэж Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд оруулаад, нөгөөг нь орхисон. Тэр нь зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгогдох тухай заалт шүү дээ. Та нар үүнийг санаатай оруулаагүй. Намайг тухайн үед энэ талаар ярихад та нар бүгд доошоо хараад сууж байсан. АН-ынхан ч адил. МАН-ынхан тэр үед Ерөнхийлөгч Х.Баттулгатай ямар тохиролцоотой байсныг би мэдэхгүй. Цэцэд асуудал байна уу гэвэл тийм. Ерөнхийлөгч энэ байгууллагад нөлөөлөх гэж их хичээсэн. Мөн Ерөнхийлөгчөөр сонгогдсон таван хүнтэй холбоотой асуудлыг яагаад хөндөөд байгааг Цэцийн хуралдааны үеэр олон удаа тодруулсан. Тэгвэл 50 нас хүрээгүй гэдэг шалтгаанаар сонгогдох эрхээ хязгаарлуулж буй хэдэн мянган иргэн байгааг яагаад ярих ёсгүй гэж. Бид мэдээлэл гаргахдаа хувь хүнтэй холбоотой асуудал огтхон ч хөндөөгүй.