Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол ардын намыг тараах үндэслэл бүрдсэнийг танилцуулан, Улсын Дээд шүүхэд захирамж хүргүүлж буйгаа өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр,
- Төрийн эрх баригч Монгол ардын нам нь улс төрийн намын үйл ажиллагаанд чанд мөрдөгдөх “Төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх” Үндсэн хуулийн шаардлагыг зөрчиж, Үндсэн хуулиар тогтоосон засаг төрийн тогтолцоог нам төрийн тогтолцоонд зүй бусаар шилжүүлж, Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах үүргийн өмнө гагцхүү төрийн хуульд захирагдаж, хараат бусаар ажиллах ёстой төрийн байгууллагуудын үүрэг, зорилгыг гажуудуулж, Монгол ардын намын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хууль зөрчин биелүүлдэг дуулгавартай бүтэц болгон хувиргасан.
- Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн улмаар орон нутаг дахь намын удирдлага болон орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг даргыг цэрэгжүүлсэн зэрэг Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулах болсон хэмээн үзсэн аж.
Ерөнхийлөгч эдгээрийг тоочин дурдаад Монгол Улсын Үндсэн хуулийн
3.2 "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно"
16.10 "Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно"
Улс төрийн намын тухай хуулийн
4.2 "Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, олон түмнийг үймүүлэх, айлган сүрдүүлэх, аллага, хядлага үйлдэх, яс үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулах зорилгоор, түүнчлэн шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист нам байгуулахыг хориглоно"
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3, 4, 6, 8.2, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.3.1, 3.3.1.1, 3.3.1.3, 3.3.1.6, 3.3.3.3, 3.3.3.4, 3.3.4.4 дэх заалтыг үндэслэн МАН-ыг тараах захирамж гаргасан юм.
Тэгвэл түүний гаргасан энэхүү захирамжийг хэрэгжүүлж, Улсын Дээд шүүх хэлэлцэх боломж бий юү гэх асуулт хүн бүрийн анхаарлыг татаж буй. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Бүх шатны Засаг дарга, Шүүгчид захирамж гаргах эрхтэй бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга ч энэхүү эрхийн дагуу МАН-ыг тараах захирамж гаргасан юм. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн тухай хуулийн нэгдүгээр зүйлд “Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн зарлиг, захирамж гаргана”, Хоёрдугаар зүйлд “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөнө” хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч үндсэн хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу эл захирамжийг гаргасан гэж болно. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн:
3.1 Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.
19.1 Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.
30.1 Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн.
32.2 Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш гуч хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө.
33.1.10 Ерөнхийлөгч Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлнэ.
33.2 Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна.
70.1 Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино хэмээн тусгасан байдаг.
Ерөнхийлөгч Х.Баттулга мөн л эл заалтуудыг үндэслэн захирамж гаргаж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл намын үйл ажиллагааг Улс төрийн намын тухай хуулийн
23.1 “Нам үйл ажиллагаагаа намын эрх барих дээд байгууллагын шийдвэрээр зогсоох бөгөөд ажлын 5 өдөрт багтаан Улсын дээд шүүхэд энэ тухай бичгээр мэдэгдэнэ. Улсын дээд шүүх ажлын 5 өдөрт багтаан уг намыг улсын бүртгэлээс хасаж, нийтэд мэдээлнэ. Энэ тохиолдолд намын хөрөнгийг түүний дүрэмд заасны дагуу шийдвэрлэнэ.
23.2 Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасаж, нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу зогсоох, тараах зохицуулалттай.
Харин Ерөнхийлөгч МАН-ыг эл хуулийн 23.2 дахь заалтыг зөрчсөн хэмээн үзэж, тараах захирамж гарган, Улсын Дээд шүүхэд өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу Дээд шүүх ажлын тав хоногийн дотор шийдвэр гаргах үүрэгтэй.
Хэдийгээр Ерөнхийлөгч үндэслэлээ тодорхойлж, бүрэн эрхийнхээ дагуу захирамж гаргасан хэдий ч зарим хүн үүнийг нь хууль зөрчсөн хэмээн үзэж буй. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүү твиттер хуудаснаа “Шуудхан хэлье. Ерөнхийлөгчийн өнөөдрийн энэ үйлдэл Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн үйлдэл боллоо. Харин тухайн үед иргэнийхээ хувиар Дээд шүүхэд хандсан бол ядаж Хүүкийг намын даргаас салгах, Ерөнхий сайдаас нь огцруулах боломж байсан” хэмээн жиргэжээ. Өөрөөр хэлбэл, “Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ” гэх наад захын хуулийн заалтын эсрэг үйлдэл гаргасан хэмээн үзэж буй аж. Ямартай ч цар тахал дэгдсэн энэ үед иргэдээ хамгаалахаас урьтаж эрх мэдлийн суудлаа “тордож” буй эрх барих нам болон Ерөнхийлөгч хоёул үндсэн хуулиа зөрчсөн гэхэд хилсдэхгүй бололтой.