Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд буюу энэ сар гарахаас урьтаж Сонгуулийн ерөнхий хороо аймаг, нийслэлийн сонгуулийн хороод болон гадаад улсад байгаа иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих Төв комиссыг байгуулаад буй. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод нь харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, санал хураалтыг хуульд заасны дагуу зохион байгуулах, дүн, холбогдох баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу нэгтгэж, хүргүүлэх үүрэгтэй.
Ингэснээр 2021 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу аймаг, нийслэлийн сонгуулийн 22 хороо тус бүр есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн гэсэн үг. Улмаар сум, дүүрэгт сонгуулийн 339 хороо байгуулжээ. Ирэх сарын 10 гэхэд хэсгийн 2087 хороо байгуулах ёстой. Сонгуулийн хороодод төрийн захиргааны болон үйлчилгээний 21 354 албан хаагч ажиллах юм. Мөн сонгуулийн техник, санал тоолох төхөөрөмжийн найдвартай, аюулгүй ажиллагааг 2600 гаруй хүнээс бүрдэх мэдээллийн технологийн баг хариуцан ажиллах гэнэ. Харин Төв комиссыг дарга, нарийн бичгийн дарга болон долоон гишүүнтэйгээр байгуулсан.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд сүүлд шинээр оруулсан онцлог зохицуулалтын нэг нь аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн сонгуулийн хорооны дарга нар нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга, эсвэл түр орлон гүйцэтгэгч байхаар хуульчилсан явдал. Харин аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд тухайн шатны цагдаагийн болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагын төлөөлөл багтсан байх ёстой. Түүнчлэн сонгуулийн байгууллагаас явуулсан сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдыг нээлттэй бүртгэсний үндсэн дээр эдгээр хороонд томилсон аж. Тодруулбал, 420 хүн сургалтад хамрагдсанаас 198 албан хаагчийг сонгон ажиллуулж буй. Мөн “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан сонгуулийн хороодод ажиллах хүнийг 30-40 хувийн нөөцтэй байхаар тооцож, 105 албан хаагчийг болзошгүй нөхцөлд дайчлахаар бүртгэжээ. Тэгвэл салбар комиссуудыг байгуулах хугацаа маргааш дуусаж байна. Учир нь гадаадад санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө эдгээрийг байгуулахаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заажээ. Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр дэлхийн 30 улсад салбар комиссыг 187 хүний бүрэлдэхүүнтэй байгуулаад буй аж.
Гадаад харилцааны яам үүнд хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад арга зүйн зөвлөмж өгөх, тэднээр дамжуулан иргэддээ мэдээлэл хүргэх ёстой. Мөн Төв комиссыг ажиллах байр, нөхцөл, боломжоор хангах үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, салбар комиссынхыг тухайн улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар хүлээхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан байна. Нөгөө талаас Төв комисс нь Сонгуулийн ерөнхий хорооны шууд удирдлага доор санал авах ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй. Харин салбар комисс нь Төв комиссын шууд удирдлагад ажиллах юм байна. Цар тахлын улмаас шууд нислэг хийгдэхгүй байгаа тул саналын хуудсыг заасан хугацаанд цаг алдалгүй хүргүүлэхэд Гадаад харилцааны яамныхан онцгой анхаарч буй гэнэ.
Гадаадад байгаа иргэн сонгуульд оролцохоо ирэх мягмар гаргаас тавдугаар сарын 9 хүртэл оршин суугаа улсынхаа дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж, эсвэл шуудангаар мэдэгдэж, бүртгүүлэх ёстой юм байна. Тэднээс саналыг нь ирэх сарын 30, 31-нд авах бөгөөд тооллогыг эх орондоо байгаа сонгогчдынхтой хамт хийх юм.