Төр, засгийн судалгаа тооцоогүй шийдэл, ямар ч үр дүнгүй шийдвэр, тодорхой бус байдал дахин давтагдав. Тодруулбал, манай улсад халдварын тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор Монгол Улсын засгийн газраас энэ сарын 10-25 хүртэл хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан. Мөн иргэн бүрт “Эрүүл мэндээ хамгаалж, дархлаагаа дэмжээрэй” гэж 300 мянган төгрөг олгов.
Гэтэл хатуу хөл хорио тогтоох нь битгий хэл улам халдварыг тараах нөхцөл байдал үүслээ гэхэд хилсдэхгүй биз ээ. Хотын захын дүүрэг, хороо болон хотын төвд замын хөдөлгөөн хэвийн үргэжиллэж, ямар ч хяналтгүй иргэд хөдөлгөөн оролцож, автобусандаа чихэлдэж, хатуу хөл хорио тогтоосон гэх шинж ер алга. Мөн хүнсний дэлгүүрүүдийн үүдэнд машины оочер дараалал үүсэж, халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа нэг ч байгууллага байхгүй байна. Төр засгаас “дархлаагаа дэмжээрэй” гэж өгсөн мөнгөөр найз нөхөд, амраг садангаараа нийлж “пиво ууж” архидан согтуурах зэрэг эмх замбараагүй байдал үүсэв.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд хатуу хөл хорио, хэсэгчилсэн хөл хорионд орсон иргэд, аж ахуй нэгжүүдийн хувьд энэ удаад хоригдохгүй байх гэсэн сэтгэлзүйтэй байсан ч нөхцөл байдал өөрчлөгдөж, хатуу хөл хорионд ийнхүү оров. Угтаа бол энэ удаагийн хатуу хөл хорионд орохдоо вакцинжуулалтыг эрчимжүүлж, халдварын тоог бууруулах нь гэсэн хүлээлттэйгээр иргэд хүлээж авсан ч байдал өөрөөр эргэв. Хатуу хөл хорионы үед вакцинжуулалт хийх нь хүний бөөгнөрөл үүсгэж, халдварыг хумхиж чадахгүй гэж үзсэн учраас вакцин хийхгүй гэж Засгийн газраас мэдэгдсэн.
Гэтэл иргэд хөл хорионы хугацаанд вакцинд хамрагдсан иргэд хоёр дахь тунгаа хийлгэх, дараагийн ээлжийнхэн вакциндаа хамрагдах зэрэг хүлээлттэй байсан ч Засгийн газар хүний бөөгнөрөл гэсэн ганцхан үгээр ам таглав. Бодит байдал дээр хүний бөөгнөрөл нь хэрээс хэтэр ч, халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөж байгаа эсэхэд төрөөс хяналт, шаардлага тавьж байгаа зүйл байхгүй байна.
Мөн нэг өдрийн дотор төр, засгийн шийдвэр нь хэд дахин өөрчлөгдөж, яг яах нь тодорхойгүй энэ байдлаа хэзээ болих вэ? Өнөөдөр гэхэд л УОК-оос өглөө 09:00 цаг орчимд “шинжилгээ өгөх иргэд заавал цаг авсан байх ёстой” гэж мэдээлж байсан. Гэтэл үдээс хойш “иргэд шинжилгээний цаг авах шаардлагагүй” л гэх юм. Энэ мэт нэг гаргасан шийдвэртээ бат зогсож чадахгүй эргэж буцсан шийдвэр гаргадаг байдал өдөр болгон давтагдаж буй. Ямар нэгэн шийдэлд хүрчхээд иргэддээ мэдээлэх хэрэгтэй гэдгээ төр, засгийн эрх мэдэлтнүүд ойлгоосой билээ. Иймэрхүү байдлаар удаан үргэлжилбэл, манай улсын халдварын тоо улам нэмэгдэж, төр, засгийн эргэж буцсан, тодорхойгүй шийдвэрээс иргэд залхаж, улам эмх замбараагүй байдал үүсэх эрсдэл өндөр байна Ерөнхий сайдаа.