Цэргийн ангид алба хаагч амиа алдсан асуудлаар холбогдох байгууллагын удирдлага УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанд мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариуллаа. ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг “Цэргийн өдөр тутмын үйл ажиллагааг Дотоод албаны дүрмийн дагуу явуулдаг. Цэргүүдийн баримтлах ёс зүй, хэм хэмжээг уг дүрэмд тусгасан. Үүнийг хэрэгжүүлэхгүй байгаа нь маш том асуудал. Цэргийн алба хаагчдын зүй бус харилцааг цэгцлэхээр ажиллаж буй нь ч хангалтгүй байна. Цэргийн алба хаагчдыг нэг жилийн хугацаанд хүмүүжүүлнэ гэдэг хүндрэлтэй” хэмээн онцолсон. Мөн ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд “Цэргийн алба хаагчийн эрх зөрчигдсөнтэй холбоотой гомдлыг өнгөрсөн жил ХЭҮК-т ирүүлээгүй. Учир нь тэдний гомдлыг Дотоод албаны дүрмийн дагуу Цэргийн алба нь хүлээн авч, шийдвэрлэдэг. Цаашид цэргийн албаны дүрмийн бус харилцааны чиглэлээр суурь судалгаа хийхээр төлөвлөсөн. 2006 онд буюу ХЭҮК-ын тав дахь илтгэлд цэргийн алба хаагчдын зүй бус харилцааны талаар хөндөж байсан. Өнгөрсөн хугацаанд ХЭҮК-оос цэргийн анги, нэгтгэлд 38 удаа хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг тухай бүрт нь арилгуулсан”-ыг хэллээ.
2010-2020 онд цэргийн анги, байгууллагад 506 хэрэг үйлдэгдсэний 92 хувьд нь мөрдөн байцаалт явуулж, шийдвэрлэсэн аж. Харин 105 хэргийг нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Түүнчлэн цэрэгт татагдан ирж байгаа алба хаагчдын сэтгэл зүйн байдлыг судалдаг аж. Сэтгэл зүйн өөрчлөлттэй цэргийн тоо жилд 1.5 хувиар нэмэгдэж байгааг дарга Д.Ганзориг хэлэв. Ажлын байрны дарамт үзүүлэх, цэргүүдтэй зүй бусаар харилцах, хүчирхийлэх, алба хаагчдаас мөнгө нэхэж дээрэлхэх зөрчлийг батлан хамгаалах салбарын нууц нэрийн дор чимээгүй өнгөрөөдгийг УИХ-ын гишүүд шүүмжилж байлаа. ЗХЖШ-ын даргын хэлж буй үг хүний эрхийн мэдрэмжгүйг нь харуулж байгааг дэд хорооны дарга Б.Энхбаяр онцолж, хариуцлага хүлээлгэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн. Цэрэг амиа алдсан нь бидний ажилд их түлхэц боллоо, ядуу айлын хүүхдийг нэг жилийн хугацаанд хүмүүжүүлэх нь боломжгүй гэх утгатай үгийг дарга Д.Ганзориг хэлсэн нь ийн шүүмжлэл дагуулсан юм.
Хуралдааны төгсгөлд тогтоолын төсөл баталлаа. Зэвсэгт хүчний анги салбарын баримталдаг хууль тогтоомж, дүрэм нь хүний эрхийн суурь зарчмыг хангасан, эсэхэд дүн шинжилгээ хийх, холбогдох хуульд зохих өөрчлөлт оруулж өргөн барих, цэргийн албан дахь зүй бус харьцааг таслан зогсоох үүрэгтэй ажлын хэсгийг байгуулах талаар үүнд тусгажээ.
Бэлтгэсэн: Б.Нандин