Ховд аймгийн Мянгад сумын нутагт өчигдөр 03.21 цагт газар 3.9 магнитудын хүчтэй хөдөлснийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч учирсан хохиролгүй гэнэ. Манай улсын хувьд хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгддэг ч орон нутагт барилга цөөн, суурьшил сийрэг тул хохирол харьцангуй бага байдаг аж.
Газар хөдлөлтийн хүчийг хоёр үзүүлэлтээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга, байгууламжид мэдрэгдэж буйг нь баллаар хэмждэг аж. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст төдийлөн мэдрэгддэггүй. Харин долоогоос дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.
Тодруулбал, 1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга доторх хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга, таваг, сав суулга бага зэрэг хөдөлнө. 4-5 балл хүрэхэд хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг нь мэдэгдэхүйц чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга унах тохиолдол бий. Хүмүүсийн олонход айдас төрүүлдэг гэнэ. Харин 6-7 балл хүрсэн чичирхийлэлд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, хана цуурч, цонхны шил хагарч, гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлж, унадаг байна.