Өрнө дахинд 13-ын тооноос ихээхэн цэрвэж, 13-ны баасан гаригаас үхтэлээ айдаг. Энэ нь ямар нэгэн байдлаар спортод ч биеллээ олсон байдаг. Тухайлбал, үхэл амьдралын зааг дээр үргэлж аз туршиж, 300 км/цаг хүртэл хурдалдаг “Формула 1” уралдааны тамирчдаас 13 гэсэн дугаартай автомашины жолооны ард суудаг бөх зүрхтэн ганц ч үгүй гэнэ.
Тэрчлэн NHL-д ийм дугаартай хоккейчин өдрийн од шиг ховор. Харин NBA-д 13 дугаартай сагсан бөмбөгч хэзээ ч арваас дээш гарч байсангүй. Тус лигт 30 байдаг гэж бодохоор энэ нь тийм ч их тоо биш болох нь ойлгомжтой. “Ёс мэддэггүй” эдгээр тоглогчоос хамгийн супер амжилтыг домогт Уилт Чемберлен үзүүлсэн юм. Одоогийн тоглогчдоос Стив Нэш “Даллас”-т байхдаа 13-ыг өмсдөг байжээ.
Тэгвэл даян дэлхийг бүрхсэн хөлбөмбөгийн спортод 13-ын тоо хэр зэрэг нөлөөлдөг бол? Лав л Английн Премьер лигийн бараг бүх багт 13 дугаартай цамц өмссөн тоглогч байдаг бөгөөд тэдний олонх нь хаалгач гэнэ. Германы шигшээ багийн ахлагч асан Михаэль Баллак ийм дугаартай өчнөөн олон жил тоглож, дэлхийн аваргаас мөнгө (2002), хүрэл (2006), Европын аваргаас мөнгөн (2008) медаль хүртэж, Аваргуудын лигт түрүүлж байв.
Харин хойд хөршид байдал арай өөр ажээ. Ингэхдээ 2011-2012 оны улирал буюу одоогоос таван жилийн өмнө Оросын дээд лигт тоглож байсан 16 багаас жишээ авъя. Тус лигийн “Зенит”, “Кубань”, “Локомотив”, “Москва”, “Рубин”, “Сатурн”, “Томь”, “ЦСКА” гэсэн найман багт муу ёрын дугаарыг өмчилсөн ганц ч тоглогч байгаагүй бол “Ростов”, “Химки”, Нальчикийн “Спартак” багийн “алтан заменууд” л 13 дугаартай байж. Үлдсэн дөрвөн багийн гарааны тоглогчид бусдынхаа жишгийг эс дагаж “азгүй дугаар”-ыг сонгосон байна. Харамсалтай нь, үр дүн нь түүндээ дүйцэхүйц тааруухан.
Жишээлбэл, дээрх дугаартайгаар улирлын 29 тоглолтод оролцож, дээд амжилт тогтоосон “Крылья Советов”-ын довтлогч Алексей Медведев ердөө дөрөвхөн бөмбөг оруулжээ. “Динамо”-гийн Владимир Гранат, “Луч-Энерги” багийн Сергей Штанюк нар тус бүр 27 тоглолт хийсэн бол Москвагийн “Спартак”-ийн хамгаалагч Мартин Йиранек гэмтлийн улмаас 11 тоглолтод оролцож, 13-тангууд багтаа тус болж чадалгүй “Крылья Советов”, “Луч-Энерги” дээд лигээс хасагдаж, нэгдүгээр дивизион руу унасан байна.