Өнгөрсөн долоо хоногт спортын ертөнцөд өрнөсөн дуулиануудын нэг нь ОХУ-ын иргэн, Халимагийн тэрбумтан Кирсан Илюмжинов Олон улсын шатрын холбоо (FIDE)-ны ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахаар болсон явдал байлаа. Афинд болсон Ерөнхийлөгчийн зөвлөлийн ээлжит бус хурал анхнаасаа л олны анхаарлын төвд байсан. Учир нь өнгөрөгч сарын сүүлчээр FIDE-гийн албан ёсны сайтад Кирсаныг ажлаа хүлээлгэн өгөхөөр зэхэж байна гэсэн мэдээлэл гарсан билээ. Гэвч Илюмжинов энэхүү учир битүүлэг мэдээллийг няцаасан юм. Тэрбээр “Би энэ тухай албан ёсоор мэдэгдээгүй. Харин намайг холдуулахыг хүсэгч цөөнгүй бий. Үүнд америкчуудын гар хөл оролцсон гэдэг нь тодорхой” хэмээн ТАСС-д өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Америк гэснээс далайн чанадынхан Халимагийн Төрийн тэргүүн асан, В.Путиний “баруун гар” гэгддэг энэ эрхэмд хэзээнээсээ л таагүй хандаж ирсэн. Сүүлийн жишээ дурдахад л өнгөрсөн намар Нью-Йоркт болсон Карлсен-Карякин нарын дэлхийн аваргын титмийн төлөөх халз тулааны нээлтэд оролцох гэсэн Кирсан Николаевичийг тус улсын хилээр нэвтрүүлсэнгүй. Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг дэмжигч гэсэн шалтгаанаар түүнд виз олгоогүй аж.
Хэдийгээр шатрын хүрээлэл дунд Илюмжинов асар их нэр хүндтэй ч гэсэн Хойд Америк болон баруун европынхны шахалтын дүнд 2017 оны дөрөвдүгээр сарын 10-нд Грекийн нийслэл Афин хотноо FIDE-гийн Ерөнхийлөгчийн зөвлөлийн ээлжит бус хурлыг зохион байгуулахаар болов. Энэ үеэр Олон улсын шатрын холбооны гүйцэтгэх захирал Найжел Фримэн, тэргүүн дэд ерөнхийлөгч Георгиос Макропулос нар одоогийн ерөнхийлөгчийг огцруулах, эсэх асуудлыг хэлэлцэх санал гаргасан юм. “Босогчид” санасандаа хүрсэн ч зөвлөлийн олонх гишүүн монгол гаралтай ерөнхийлөгчдөө итгэл хүлээлгэснээр тэрбээр шатрын ертөнцийг 2018 оны сонгууль хүртэл удирдахаар улирч үлдэв.
Ялалт байгуулсныхаа дараа Илюмжинов нутгийнхаа сэтгүүлчдэд болж өнгөрсөн бүхний талаар ам нээжээ. “Үнэнийг хэлэхэд FIDE-гийн сайтад гарсан мэдээлэл намайг цочирдуулсан. Даваа гаригийн өглөө гарсан тэрмэдээллийн дараа би Макропулос, Фримэн нартай ярих гэж оролдсон ч тэд утсаа аваагүй. Энэ бүхний дараа би Ерөнхийлөгчийн зөвлөлийн хуралд оролцохгүй гэж шийдээд байлаа. Харин хуульчтайгаа зөвлөлдсөний эцэст Афинд ирсэн. Учир нь 2014 онд Норвегид болсон сонгуулиар Каспаров 61, миний бие 110 санал авч, албан ёсоор Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон. Дараагийн сонгууль 2018 онд Батумид болох ёстой. Өөрөөр хэлбэл, бүрэн эрхийн маань хугацаа дуусахад дахин жил хагас үлдээд байна. Надад шатрын спортоор хичээллэгсдийн тоог нэг тэрбумд хүргэх, дэлхийн ихэнх улсад шатрыг дунд сургуулийн хөтөлбөрт оруулах... гэх мэтчилэн төлөвлөсөн олон ажил байна. Мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлаа дуусгахаас нааш бууж өгөхгүй. Дээр нь дэлхийн өнцөг булан бүрээс намайг дэмжсэн зурвас ирж байсан нь зоригжуулсан. Хийх ажилд минь Америкчуудын явуулга саад болж чадахгүй. Тэд үргэлж шатрын ертөнцийг хагалан бутаргахыг хичээж байдаг нь харамсалтай. Ерээд оны эхэн үеийг санаж байна уу. Тухайн үеийн дэлхийн аварга Каспаровыг Нью-Йоркийн баячууд FIDE-гийн эсрэг турхирч байсан шүү дээ. Дахиж ийм зүйл хийхийг нь хүлээн зөвшөөрч чадахгүй” хэмээн тэрбээр өгүүлжээ.
Дашрамд сонирхуулахад, Кирсан Николаевич Илюмжинов 1995 онд Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тухайн үед шатрын ертөнц хуваагдмал байдалтай, дэлхийн ¹ 1 чансаатай тоглогч Гарри Каспаров “өрх тусгаарлан” Мэргэжлийн шатрын холбоо байгуулан тус тусдаа аваргаа шалгаруулдаг уламжлал тогтоод байлаа. Харин Илюмжиновын уйгагүй хүчин чармайлтын ачаар 2006 онд Владимир Крамник-Веселин Топалов нарын халз тоглолтыг зохион байгуулж, хоёр холбоог нэгтгэсэн түүхтэй.