Сонирхогчийн боксын Тайландын эзэн хааны цомын аварга шалгаруулах тэмцээн Бангкок хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас Ардын багш Д.Банди, Гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн нарын удирдлага дор долоон тамирчин оролцож буй.
Эрэгтэйчүүдийн 49 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Г.Ган-Эрдэнэ Тайванийн Ту Вон Вэй, 60 кг-д олимпын хүрэл медальт Д.Отгондалай эзэн орны Р.Жинторин нарыг тус тус ялж, хүрэл медалийн болзол хангалаа. Тэд маргааш мөнгөн медалийн төлөө тоглоно.
Харин 64 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг Тайландын Масукад дийлдэн медалийн оосроос атгаад алдсан бол эхний өдөр 52 кг-д М.Гандулам, 56 кг-д О.Мөнхсайхан, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Ж.Отгонжаргал нар дийлдэж, үзэгчийн суудалд шилжсэн юм.
Энэ сарын 10-нд өндөрлөж жин тус бүрийн аваргаа тодруулах Тайландын эзэн хааны цомд 2007 онд Гавьяат тамирчин Д.Отгондалай түрүүлсэн юм.