Боулинг сонирхогчдын хамгийн том тэмцээн болох “Холбооны цом”-ын аварга шалгаруулах тэмцээн удахгүй болох гэж байна. “Монголын боулинг сонирхогчдын холбоо”, “Big Bowling” клубтэй хамтран 2010 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа тус тэмцээн энэ сарын 8-ны 10.00 цагт “Big Bowling” төвд эхэлнэ. Тэмцээнд “City Cup-2016” тэмцээний шилдэг 8 баг, “Coca Cola Zero-2016” тэмцээний шилдэг 8 баг буюу нийт 16 ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ баг оролцоно.
Тэмцээний түүхэнд нэг ч хошой аварга баг төрөөгүй нь “Холбооны цом”-ын аварга шалгаруулах тэмцээнийг чансаа өндөр, ширүүн өрсөлдөөнтэй явагддагийг харуулж байна.
Багууд урьдчилсан шатанд 4 тоглолт хийж, нийлбэр дүнгээр өндөр оноо авсан 8 багийг шалгаруулж 1-ээр гарсан баг нь 8-аар гарсан багтай халз тоглох зарчмаар аваргаа тодруулна. Мөн хамгийн өндөр оноо авсан шилдэг тамирчинг /эрэгтэй, эмэгтэй/ шалгаруулна.
Энэ жилийн тэмцээнд “City Cup-2016” тэмцээний шилдэг 8 баг болох Мобиком, Багануур, ТЭЦ-III, Петровис, DGH электроникс, Бимекс тех, Электрон дартс, Их Британий ЭСЯ-ны багууд хүч үзнэ. Мөн “Coca Cola Zero Bowling Championship-2016” тэмцээний шилдэг 8 багийн тоонд багтсан УБЦТС, ITZone, СЭЗИСургууль, Монголын Дартс сонирхогчдын холбоо, Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, Монголын шатрын холбоо, Монголын гольфийн холбоо, Юнител группын багууд өрсөлдөнө.
2010 онд болсон “Холбооны цом”-ын анхны аваргаар А.Эрдэнэтөгс ахлагчтай Топфлоор мишээл-2 баг тодорч байлаа.
2014 оны аваргаар Н.Агар ахлагчтай “Ажигана хунчир” хэмээх шинэхэн баг, 2015 онд боулинг сонирхогчдын хувьд үргэлжийн хүчтэй өрсөлдөгч байсаар ирсэн Ц.Лхаасүрэн ахлагчтай “Биг-энтертайнмент” баг шалгарч байв. Өнгөрсөн жилийн хувьд “Холбооны цом”-ын аваргаар тус тэмцээнд 6 удаа оролцсон Д.Амьбөх ахлагчтай Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн баг тодорсон. Харин шилдэг тоглогчоор 259 оноогоор Ц.Лхаасүрэн шалгарсан нь тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр оноо авсан тамирчин болсон юм.
8 дахь жилдээ зохиогдох гэж буй боулинг сонирхогчдын хүсэн хүлээдэг тэмцээн болж чадсан бөгөөд “Холбооны цом”-ын төлөө өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 3000 гаруй тамирчин өрсөлдөж байлаа.