Жүдо бөхийн Тбилисийн гран при тэмцээн Гүрж улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Гучинзургаан орны 256 тамирчин оролцсон тус тэмцээнд манай улсаас есөн жүдоч зодоглон, нэг мөнгөн медаль хүртэв.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д хүч үзсэн залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг эхний тойрогт гоц мөргөн, удаах даваануудад Гүржийн Т.Татарашвили, Азербайжаны О.Хажиагали, ОХУ-ын Я.Шамилов нарыг ялж, шигшээд шалгарсан. Улмаар аваргын төлөөх барилдаанд эзэн орны бөх Лаша Гиунашвилитай өрсөлдөн, вазари үнэлгээгээр илүүрхэж байсан ч цаг дуусахаас зургаахан секундийн өмнө гурав дахиа торгуулан, цэвэр ялагдав. 2015 онд тус тэмцээнд түрүүлсэн тэрбээр ийнхүү гран пригээс 13 дахь медаль (зургаа нь мөнгө)-иа хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д залуу жүдоч Ц.Хулан зодоглон, хүрэл медалийн төлөөх барилдаанд Нидерландын М.Бергстрад вазари үнэлгээгээр дийлдэн, V байрт шалгарав. “Рио-2016” олимпод Д.Сумъяаг ялж, түрүүлсэн Р.Сильва энэ жинд ОХУ-ын И.Заблудинад ялагдан, мөнгөн медаль хүртлээ.
Сонирхуулахад, 1989 оноос хойш зохион байгуулж буй тус тэмцээнд 2014 онд Б.Батгэрэл хүрэл медаль хүртэн, манай тамирчдын амжилтын салхийг хагалжээ. Түүнээс хойш Монголын тамирчид 12 (хоёр алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл) медаль хүртээд байна. Сонины дугаар шилжих мөчид хүнд жин (эрэгтэйчүүдийн 90, -100, +100, эмэгтэйчүүдийн 78, +78)-гийн барилдаанууд үргэлжилж байлаа.