Энэ сарын 15-нд эхэлсэн өвлийн тусгай олимпын наадам Австри улсад үргэлжилсээр. 107 орны 2700 гаруй тамирчин оролцож буй тус наадамд манай улсаас 14 тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөж буйгаас одоогоор нэг алт, гурван мөнгөн медаль хүртээд байна.
Эмэгтэйчүүдийн гүйлтийн цанын 50 метрийн зайн уралдаанд Н.Уянга алтан медаль хүртэж, тусгай олимпын аварга боллоо.
Мөн энэ төрлийн 100 метрийн зайн уралдаанд хурд сорьсон Н.Оюунбилэг, эрэгтэйчүүдийн 25 метрт С.Тэмүүлэн, 50 метрт М.Гантөмөр нар мөнгөн медалиар энгэрээ мялаалаа. Тусгай олимпод Монголын тамирчид анх удаа хүч сорьж байна.
Сонирхуулахад, АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедигийн эцэг Жосеф Кеннеди 1947 онд оюуны хомсдолтой иргэдийг дэмжих сан байгуулжээ. Хожим түүний охин Юнис Кеннеди Шрайвер эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж, 1960 оноос уг сангийн тэргүүнээр ажиллах болсон юм. Улмаар сангийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэхээр шийдэж, 1968 онд анхны тусгай олимпын наадмыг АНУ-д зохион байгуулсан түүхтэй.