Япон улсын Токио хотод болсон спортын гимнастикийн шүүгчийн сургалтад оролцсон Б.Батсуурь олон улсын шүүгчийн болзол хангасан билээ. Монгол Улс 39 жилийн дараа спортын энэ төрөлд эрэгтэй шүүгчтэй болж байгаа юм. Түүнтэй ярилцлаа.
-Олон улсын шүүгчийн болзол хангахад ямар шалгуур тавьдаг юм бэ?
-12 орны 63 шүүгч оролцсон энэ удаагийн сургалт дөрвөн жилд нэг удаа болдгоороо онцлогтой. Эх орноо төлөөлж, ганцаараа номын дуу сонслоо. Олон улсын шүүгчийн болзол хангахын тулд онол, бичлэг үзэж шүүх, үзүүлбэрийг нь зурж байгаад хэр ур чадвар шаардсан нарийн элементүүд оруулсан (Хүндрэл)-ыг нь тооцох гээд гурван шалгалт өгдөг. Хүндрэлд 80, онолд 93, гүйцэтгэлд 92 оноо авч, зэргийн болзол хангалаа. Гурвууланд нь 70-аас дээш оноо авсан тохиолдолд тэнцэх боломжтой.
-Сүүлийн үед олон улсын гимнастикийн холбооны шүүлтийн дүрэм их өөрчлөгдөж байна. Энэ шалгалтад зориулж хэр хугацаанд бэлдсэн бол?
-Эх орондоо тэмцээн тогтмол шүүдэг болохоор харьцангуй дөхөм, туршлагаа зузаатгахад амар байлаа. Шинэчилж найруулсан дүрмүүдийг хурдан сурах, шүүлтийн үеэр ашиглах тал дээр түлхүү бэлдлээ. Гимнастикчид сүүлийн үед тэр бүр хийхээ больчихсон элементүүдийг аль болох дэмжих зорилгоор дүрэмд өөрчлөлт оруулсан гэнэ лээ.
-Сургалтын үеэр юуг шинээр сурч, өөрийгөө хэрхэн хөгжүүлэв?
-Эхний хоёр өдөр шинэ дүрмүүдийг дэлгэрэнгүй тайлбарлаж, зөвлөгөө өгсөн. Мэдээж их зүйл сурлаа. Гимнастикчид гүйцэтгэлээ богино хугацаанд үзүүлдэг. Тиймээс тэр хугацаанд үзүүлбэрийг нягталж, тэмдэглэж авах шаардлагатай.
-Монгол спортын гимнастикийн олон улсын зэрэгтэй эрэгтэй шүүгчгүй 39 жил болсон бараан цувралыг зогсоолоо, та. Өмнө нь хэн хэн энэ зэргийг хүртсэн билээ?
-Тэртээ 1978 онд эрэгтэйчүүдийн төрөлд Д.Дангаасүрэн, З.Нямдаваа, Ж.Баасандамба, Д.Сүрэнжав, эмэгтэйчүүдийнхэд Д.Норов, Я.Туяа, Д.Гандиймаа, Ч.Алтанзаяа, Ц.Март нар анх олон улсын шүүгч болсон юм билээ.
-Гимнастикийн спорттой амьдралаа холбоод хэчнээн жил болж байна вэ?
-Би спортын гимнастикаар 2005-2010 оны хооронд хичээллэсэн. УАШТ-ээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн. Дотоодын тэмцээний чамгүй олон медаль бий. Таван жил чамлахааргүй урт хугацаа. Сүүлийн 12 жилийн амьдралын минь ихэнх нь гимнастикийн зааланд өнгөрсөн. Харин шүүгчээр ажиллаад гурван жил болж байна.
-Тамирчны карьераа зогсоон, шүүгч болох шийдвэр гаргах амаргүй байсан нь мэдээж.
-Огт эргэлзээгүй ээ. Гэр бүлийнхэн минь ч их дэмжсэн. Би Монголын үндэсний их сургуулийн гуравдугаар дамжаанд сурдаг. Хичээлийнхээ хажуугаар шүүгчээр ажилладаг. Тэмцээн ихэвчлэн амралтын өдөр болдог тул хичээлтэй давхцах нь ховор. Тамирчин бүрийн гүйцэтгэлийг нэг бүрчлэн тэмдэглэж, хадгалдаг.
-Спортын гимнастикийг шүүхэд бусад төрлөөс юугаараа онцлог, давуу талтай вэ?
-Дотроо олон төрөлтэй, хүний бүх булчинг жигд хөгжүүлдэг. Тухайн тамирчин нэг хэрэглэл дээр хэчнээн ч элемент үзүүлсэн тэр бүрийг нь нарийн нягталж, алдаа гаргахгүй байх нь чухал.
-Шүүгч хүнд юу хамгийн чухал нь вэ?
-Олон талын мэдлэгтэй, шударга байх нь хамгийн чухал. Мөн үүнээс дутахгүй нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй.
-Олон улсын шүүгч болох зорилготой байсан нь мэдээж. Цаашид юуны төлөө зүтгэх вэ?
-Одоогоор би олон улсын шүүгчийн дөрөвдүгээр зэргийн болзол хангалаа. Ингэснээр Монголын гимнастикийн холбооноос зохиож буй “А” зэрэглэлийн болон гадаадад болж буй олон улсын тэмцээнд шүүгчээр оролцох боломж бүрдсэн. Шүүгч бүхэн олимпын наадамд оролцохыг мөрөөддөг. Минийх ч бас тийм. Надад олон улсын шүүгчийн нэгдүгээр зэргийн болзол хангахад хамгийн багадаа найман жил шаардлагатай. Ур чадвараа ахиулсаар олимпын зэрэгтэй шүүгч болох боломж надад бий.