Өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн цомын тэмцээн ОХУ-д боллоо. 19 орны 400 тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас хурд сорьсон ОУХМ Ш.Даваадорж мөнгөн медаль хүртэв.
Өдгөө 48 настай тэрбээр Дэлхийн цом тэргүүтэй олон улсын есөн тэмцээнд оролцон 31 медаль (24 нь алт) авсан нь энэ. Ш.Даваадорж өнгөрсөн нэгдүгээр сард болсон Дэлхийн цомоос алт, мөнгөн медаль тус бүр хоёрыг хүртсэн.
Мөн 2015 онд болсон олон улсын тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэн, ахмадын ангиллын тэмцээнээс медаль авсан Монголын анхны тамирчин болсон билээ.
Сонирхуулахад, тэрбээр бодибилдингийн Монголын мистер тэмцээнд таван удаа оролцож, гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн төдийгүй спортын мастер цолтой.