Манай улсад волейболын спорт үүсэж хөгжсөний 90, Монголын волейболын холбооны 60 жилийн ойд зориулсан клубүүдийн аварга шалгаруулах “Хасу кап-2017” тэмцээн “Эко” спорт цогцолборт зургаан өдрийн турш үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээнд эрэгтэй ес, эмэгтэй таван багийн волейболчид ур чадвараа сорин өрсөлдөв.
Эрэгтэйчүүдийн ангилалд Э.Сайханбаатар ахлагчтай “Тэнүүн-Огоо” баг тэргүүлж, А.Даваажаргал ахлагчтай “Мегастарс”, Э.Сайнбилэг ахлагчтай “Эрчим” баг удаалав. Тэгвэл эмэгтэйчүүдийнхэд Д.Үнэнтуяа ахлагчтай “Алтайн барс”-ынхан аварга болж, Б.Энхзаяа ахлагчтай “Энагура”, Э.Энхсайхан ахлагчтай “Тэнүүн-Огоо” баг медальт байрт шалгарав.
Шилдэг тамирчнаар эрэгтэйчүүдээс олон улсын хэмжээний мастер Э.Сайханбаатар, эмэгтэйчүүдээс спортын дэд мастер Д.Үнэнтуяа нар шалгарч, өнгөт зурагтаар шагнуулав.