Дундговь аймагт үндэсний сур харвадаг, цаашид түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилготой харваачид нэгдэн Дундговь аймгийн үндэсний сурын холбоо ТББайгууллагыг үүсгэн байгууллаа. Тэд анхдугаар хурлаа хийж холбооны дүрмээ баталж тэргүүнээ сонгосон байна. Тэргүүнээр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Дэд тэргүүнээр залуу харваач Х.Анхбаяр, нарийн бичгийн даргаар залуу харваач С.Эрхэмбаатар нарыг мөн найман тэргүүлэгчийг сонгожээ.
Тус холбоо нь цаашид үндэсний сурын харвааны уламжлалт төрлийг хөгжүүлэх, харваачдын санал, санаачлагыг дэмжих, тэдний эрх ашгийг хамгаалах, сурын спортыг хөгжүүлэх байгууллагыг дэмжиж хамтран ажиллах, ашгийн бус ТББайгууллага юм. Одоогор Дундговь аймагт 20 гаруй насанд хүрэгчид, 10 гаруй хүүхэд үндэсний сурын спортоор хичээллэж баяр наадамд оролцож байна. Дундговь аймгийн харъяат 120 гаруй харваачид Улаанбаатар хотод бий тэдний төлөөлөл холбооны анхдугаар хуралд оролцлоо.
Тус холбоо нь сумдад салбартай болох зорилготой бөгөөд Говь-Угтаал суманд анхны салбараа байгуулсан байна. Ардын хувьсгал ялснаас хойш 1954 оны улсын баяр наадмаар аймагт анх удаа сурын харвааг Б.Самдан зохион байгуулж өөрөө түрүүлж, сүүлд улсын мэргэн болсон А.Амгаабазар 2- байр эзэлсэн түүхээс Дундговь аймгийн үндэсний сурын спортын түүх эхэлжээ.
1954-1978 онд аймгийн мэргэн Б.Самдан, 1978-1996 онд Үндэсний сурын дасгалжуулагч, аймгийн хүндэт мэргэн Д.Жанлав, 1996-2004 он Үндэсний сурын спортын дэд мастер Т.Шараа нар харваачдыг удирдан зохион байгуулж сурын спортыг хөгжүүлж аймгийн баяр наадмын сурын харвааг зохион байгуулж иржээ. 2004 оноос удирдлага зохион байгуулалтгүй явсаар өнөөг хүрсэн тиймээс залуу харваачид санаачилан ийнхүү аймгийн сурын холбоог үүсгэн байгууллаа.