Монголын үндэсний олимпийн хорооны 2012 оны чуулганыг хууль бус гэдгийг нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс тогтоосон талаар “Олимпизмыг аврах хөдөлгөөн”-ийнхөн өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдлээ.
Тус хурлын эхэнд Монголын даамны холбооны ерөнхийлөгч, “Олимпизмыг аврах хөдөлгөөн”-ий гүйцэтгэх захирал Д.Бат-Эрдэнэ “Өнөөдөр дэлхийд үйл ажиллагаа явуулж буй 209 олимпийн хорооны нэгэн төлөөлөл нь МҮОХ.
Бид олон жилийн турш Монголын үндэсний олимпийн хорооны өнөөгийн удирдлагын хууль бус үйл ажиллагааны эсрэг тэмцсээр өдий хүрсэн. Сүүлийн дөрвөн жилийн турш Олон улсын олимпийн хороо, хууль хяналт, шүүхийн байгууллагад хандаж байна.
Өнөөгийн МҮОХ-ны ерөнхийлөгч гэгдэж буй Д.Загдсүрэн МҮОХ-г хохироосон гэмт хэргийн улмаас 2014 онд шүүхээс гурван жилийн хорих ял авсан нь Олон улсын олимпийн хорооны харти, МҮОХ-ны дүрмийг зөрчсөн.
Мөн 2012 оны МҮОХ-ны чуулганаар 93 спорт холооны төлөөлөл Д.Загдсүрэнд итгэл үзүүлж, сонгосон. Гэтэл эдгээрийн 27 нь олимпийн төрлийн спорт холбооны төлөөлөл байсан нь учир дутагдалтай.
Бид ч тухайн үед огцрох нь зүйтэй гэж удаа дараа шаардлага тавьсан. Гэвч 2012 оны Олимпийн чуулганаар бүрдсэн бүрэлдэхүүн 2014 онд Д.Загдсүрэнд 97 хувийн итгэл үзүүлсэн нь хууль бус.
Тиймээс бид 2012 оны МҮОХ-ны чуулганаар баталсан хууль бус бүрэлдэхүүнийг цэгцлэхээс нааш МҮОХ-ны хууль бус үйл ажиллагааг зогсоох боломжгүй юм байна гэж үзэн Шүүхэд хандсан юм.
Монголын үндэсний олимпийн хорооны 2012 оны чуулганыг хууль бус гэдгийг нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс өнгөрсөн сарын 14-нд тогтоож, өнөөгийн МҮОХ-ны өнөөгийн бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагаа нь хууль бус гэдгийг баталлаа.
Ингэснээр Олон улсын олимпийн хороо МҮОХ-той хууль дүрмийн дагуу хамтарч ажиллах боломжгүй болж байгаа юм.
Монголын олимпизмыг аврахын төлөө бид бүгдийн энэ тэмцэлд спортын халуун ам бүлд багтаж байгаа олимпийн болон олимпийн бус спорт холбоод, спортын сэтгүүлчид, спорт сонирхогчдын оролцоо их чухал.
Спортын холбоодыг өнөөгийн хууль бус МҮОХ-ны төлөөлөлтэй харьцахгүй, хамтарч ажиллахгүй байхыг уриалъя” хэмээв.
Уншигч та бүхэн дэлгэрэнгүйг доорх бичлэгнээс сонирхоно уу.
ФОТО: Э.ХАРЦАГА