МҮСБХ-ны 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний улирлын тоглолтууд өндөрлөх шатандаа орлоо. Багуудад ганц тоглолт л үлдээд байна.
Баруун бүсийг тэргүүлж буй Архангай аймгийн “Архангай Алтан Дорнодын Дайчид” бүсийнхээ сүүл мушгиж яваа Завхан аймгийн багтай учраа таарав. Дайчид саяхан Маркус Хэммондсыг эгнээндээ нэгтгэсэн.
Ийнхүү Архангай цаасан дээр бүрэн утгаараа хүчирхэг багийг бүрдүүллээ. Тэд хэрхэн ойлголцож тоглох бол гэдэг нь сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байлаа.
Сулхан бүрэлдэхүүнтэй Завхан аймгийн баг тэдэнд хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадсангүй. Тоглолтын эхнээс архангайчууд илт илүүрхсээр өрсөлдөгчөө 159:139-ээр буулган авч, улирлын 7 дахь хожлоо байгуулав.
Тус тоглолтод Э.Дорж-Арилд 27 оноо авсан бол Роберт Тюрнер 22 оноо, 9 самбар, 6 оновчтой дамжуулалт өгчээ.
Мөн О.Энхбаатар 18 оноо, 15 самбар авлаа. Харин Завхан аймгийн багийн тоглолт болохгүй байсан ч нэг тоглогч үнэхээр онцгой байлаа.
Тэр бол Энхцогтын Дөлгөөн юм. Тэрбээр 46 оноо авчээ. Ч.Хүрэлбаатар 26 оноо, 8 оновчтой дамжуулалт, А.Гансүх 25 оноо, Отгонтөгс 19 оноо авсан байна.
Энэ өдрийн хоёр тоглолтод Баянхонгор аймгийн “Баянхонгор Мазаалай” Увс аймгийн “Увс Нуур” багтай хүч үзлээ.
“Увс Нуур” плей-оффт орохын төлөө хожигдох эрхгүй тоглолт хийж байгаа. Баянхонгор плей-оффт шалгарахын тулд мөн хожигдох эрхгүй. Тиймээс тоглолт эхнээсээ тун өрсөлдөөнтэй болно хэмээн хөгжөөн дэмжигчид таамаглаж байлаа.
Тоглолтын өмнө “Баянхонгор Мазаалай” легионер тоглогч Терренсе Жойнерийг багтаа нэгтгэсэн байв. Тоглолтын эхнээс “Увс Нуур” багийн залуус довтолгоогоо нямбай гүйцэтгэн онооны давамгайлал авсан юм.
Улмаар тэд дөрөвдүгээр үе хүртэл тэргүүллээ. Шийдвэрлэх үеийн эхнээс хожигдох эрхгүй Баянхонгор аймгийн залуус сэргэлт авсан бөгөөд Баасандорж хэрэгтэй үед довтолгоонуудаа оновчтой болгосоор байсан юм.
Гэхдээ дөрөвдүгээр үеийн төгсгөлийг Увс Нуур баг маш сайн хийж, өрсөлдөгчөө 85:73-аар буулган авч, улирлын дөрөв дэх хожлоо байгуулав. Тус тоглолтод Билгүүн 14 оноо, Т.Мэндбаяр 13 оноо, 15 самбар, 7 оновчтой дамжуулалт, Баяртулга 12 оноо, 10 самбар авчээ. Баянхонгороос Баасандорж 27, Терренсе Жойнер 19 оноо авчээ.
“Увс Нуур” улирлын сүүлчийн тоглолтоо Архангай аймагтай хийж хожвол плей-оффт шалгарах боломжтой. Тэдний плей-оффт шалгарах эсэх нь Баянхонгор Ховд хоёрын тоглолтоос шалтгаална. Баянхонгор хожигдвол “Увс Нуур” хасагдах шатанд үлдэнэ. Баянхонгор хожвол “Увс Нуур” мултрах юм.