Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ Спорт төв ордны "А" тэнхимд үргэлжилж байна. Энэ оны хамгийн анхны улсын аварга гэдгээрээ онцлог тус тэмцээнд 16 багийн 152 туйванч өрсөлдөж буй.
Эмэгтэйчүүдийн 69 кг-д Азийн аварга, оюутны дэлхийн аварга М.Анхцэцэгийн төрсөн дүү М.Оюу-Эрдэнэ өрсөлдөн огцом түлхэлтээр 41, түлхэлттэй өргөлтөөр 51, нийлбэрээр 92 кг өргөн, медалийн оосроос атгаад алдан IV байрт шалгарлаа.
Энэ жинд дүнгээр "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Г.Отгонтуяа аваргалж, "Аврагч" спорт хорооны тамирчин Г.Энэрэл мөнгө, "Хилчин" спорт хорооны тамирчин Д.Бямбадэлгэр хүрэл медаль хүртсэн юм.
Өдгөө 12 настай М.Оюу-Эрдэнэ УАШТ-д анх удаа өрсөлдсөн нь энэ. Хүрэл медаль авсан тамирчин түүнээс найман насаар эгч байжээ.
Өдгөө Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын дунд сургуулийн долдугаар ангид сурдаг М.Оюу-Эрдэнэ хүндийг өргөлтийн спортоор хичээллээд нэг жил болж буй.
12-хон настай тамирчин насанд хүрэгчдийн УАШТ-д медалийн оосроос атгаад алдах амаргүй нь мэдээж. Эгч шигээ тив, дэлхийн аварга болох ирээдүйтэй, ур чадвартайгийнх нь илрэл.
Түүний эгч, олимпийн VIII байрын шагналт М.Анхцэцэг бэртлийн улмаас энэ жилийн УАШТ-ийг өнжлөө.