Чөлөөт бөхийн олимпийн бус жингүүдийн ДАШТ Унгар улсад энэ сарын 11-12-нд боллоо.
Анх удаа болж буйгаараа онцлог тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж эрэгтэйчүүдийн 61 кг-д Т.Түвшинтулга, 70 кг-д Б.Батзориг, эмэгтэйчүүдийн 55 кг-д Д.Отгонцэцэг, 60 кг-д Б.Шоовдор нар зодоглов.
Эмэгтэйчүүдийн 55 кг-д барилдсан ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга Д.Отгонцэцэг эхний тойрогт гоц мөргөн, удаах даваанд Азербайжаны А.Колесникийг 10:5-аар ялсан ч ДАШТ-ий мөнгөн медальт, Европын аварга, ОХУ-ын И.Ологоновад 5:0-ээр дийлдэв.
Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн К.Янушкевичийг 10:0-ээр ялж, ДАШТ-ий хос медальтан боллоо.
Тэрбээр ийнхүү чөлөөт бөхийн спортын түүхэнд ДАШТ-ий хос медальт тамирчин болов.
Д.Отгонцэцэг 1990 оны есдүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн. Өдгөө МУГД Ц.Баярсайханы удирдлага дор бэлтгэлээ базаадаг.
2007 онд спортын мастер, 2009 онд Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангаж, 2013 онд Алтан гадас одонгоор шагнуулсан.
2012 оны Лондоны олимпод эх орноо төлөөлөн оролцсон. УАШТ-д өсвөр үеийнхээс гурван алт, залуучуудынхаас дөрвөн алт, Бүх ард түмний спортын наадмаас хоёр алт, нэг хүрэл, насанд хүрэгчдийнхээс таван алтан медаль хүртжээ.
ДАШТ-нд 2008-2011, 2015-2016 онуудад зургаан удаа оролцсон. 2011 оны ДАШТ-д аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын З.Рахмановт дийлдэн, мөнгөн медалиэр энгэрээ мялаасан.
61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга эхний тойрогт Азербайжаны А.Гварзатиловт 12:2-оор дийлдлээ.
70 кг-д барилдсан Б.Батзориг эхний тойрогт Тажикстаны бөх Г.Жалиловыг 7:3-аар ялсан удаах даваанд Узбекистаны Р.Курбановт цэвэр ялагдсан.
Харамсалтай нь Узбекистаны бөх хага шигшээд ялагдсанаар манай бөх дагах тойрогт барилдах боломж бүрдсэнгүй.
Эмэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан Б.Шоовдор эхний тойрогт хийлж, хоёрдугар тойрогт ДАШТ-ий мөнгөн медальт, Беларусийн З.Сидаковаг 4:1-ээр ялсан ч гуравдугаар тойрогт Японы бөх Ю.Саканод 4:3-аао дийлдсэн.
Харамсалтай нь Японы бөх БНХАУ-ын Х.Пейд ялагдсанаар манай тамирчин дагах тойрогт барилдаж чадсангүй.