Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпийн наадам, дэлхийн аваргын мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт маань мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит тулаанаа өнөөдөр АНУ-ын Калифорни мужийн Коста Меса хотын Orange County Fair цогцолборт хийлээ.
Мэргэжлийн боксын рингэнд “босоо” яваа, гэхдээ бүүр өрсөлдөгч болгоноо КО буюу нокаутаар ялаад байгаа манай “KING TUG” –ийн энэ удаагийн өрсөлдөгч нь Мексикийн боксчин Герман Мераз байсан.
Манай Төгсөөгөөс 10 жилийн өмнө буюу 2005 оноос мэргэжлийн боксын рингэнд гарч эхэлсэн Мераз энэ жил 30 настай бөгөөд баруун өрөлттэй , нийтдээ 95 тулаан хийснээс 55 ялж(32 KO), 39 ялагдан (7 KO), нэг тэнцсэн үзүүлэлттэй “хашир бурхи”.
Эхний раундыг хоёр боксчин нилээд бие биенээ тандсан маягтай өнгөрүүлсэн.
Тулааны дараа Төгсөөтэй холбогдож “Эхний раундад нилээд “зууралттай” байв уу? Жин нилээд хассан нөлөөлөв үү?” хэмээн асуухад: “Зүгээр ээ. Бие халаах хугацаа бараг гаргалгүй рингэнд дуудсан юм. Тэгээд эхний раундад биеэ жаахан халаах маягаар тоглолоо” гэв.
Үнэхээр ч гуравдугаар раундаас манай боксчин илт илүүрхэж, хоёр ч удаа Марезыг нокдаунд оруулж, тоолуулсан. Мексик тамирчныг хүнд цохилтоос гуравдугаар раунд дууссан дохио л аврах шиг болсон.
Завсарлагаанаар жаахан сэхээ авсан Мераз дөрөвдүгээр раундыг зугатааж, битүү хамгаалсаар, “зодуулсаар” арай гэж өнгөрүүлсэн ч энэ тулааны ялагч бүх хүнд хэдийнээ тодорхой болсон байлаа.
Тавдугаар раундад Төгсөө өрсөлдөгчөө дахин нэг нокдаунд оруулж, Төгсөөгийн хүчтэй цохилтод нь олон удаа өртсөн Марез зургадугаар раунд эхлэхээс өмнө ялагдлаа хүлээн зөвшөөрч, тулааныг үргэлжлүүлэхээс татгалзсан.
Ийнхүү Н.Төгсцогт маань долоо тулалдаж, долоон удаа КО-оор яллаа.
“Зургадугаар раунд эхлэхээс өмнө өрсөлдөгчийн багийнхан тулааныг үргэлжлүүлэхээс татгалзсан. Үнэхээр ч цаашид тулалдах боломжгүй байсан л даа.
Нүүр ам нь нил цус. Хамар нь хугарчих шиг болсон.
Маш олон тулаан хийсэн туршлагатай өрсөлдөгчөө дутуу гаргаж ээлжит ялалтаа авсандаа баяртай байна” хэмээн Төгсөө өгүүлсэн.
“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин