Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газраас санаачлан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Үндэсний шигшээ багийн алба, Монголын үндэсний олимпийн хороо, Монголын паралимпийн хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран "ЭВТЭЙ БОЛ ХҮЧТЭЙ" спорт өдөрлөгийг өнөөдөр СТО-нд зохион байгуулна.
Монголд анх удаа зохиож буйгаараа онцлог тус өдөрлөг сагсан бөмбөг, олс таталт, буухиа гэсэн спортын гурван төрлөөр болно.
“Эвтэй бол хүчтэй” тэмцээнд Үндэсний шигшээ багийг төлөөлж МУ-ын хөдөлмөрийн баатар, МУГТ, олимпийн аварга Н.Түвшинбаяр, ХБ, МУГТ Х.Цагаанбаатар, МУГТ Г.Мандахнаран, Олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, паралимпийн хүрэл медальт тамирчин Б.Ууганхүү тэргүүтэй олимп, дэлхийн аваргын медальт тамирчид оролцохоос гадна БТСГ-ын дарга, МУГТ Ц.Шаравжамц байгууллагаа төлөөлөн сагсан бөмбөгийн тэмцээнд нь өрсөлдөнө.
Эл өдөрлөгт Үндэсний шигшээ багийн шилдэг тамирчид, дасгалжуулагч нар, олимп, паралимпийн шигшээ баг, спортын бодлого тодорхойлогч, хэрэгжүүлэгчид өөрсдийн чиглэл, үүргээрээ нэгдэн баг бүрдүүлж оролцох юм.